10 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
10.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаас гадна дараах тохиолдолд хүчингүй болгоно:
10.1.1.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;
10.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
10.1.3.энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл баримт бичиг нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
10.1.4.энэ хуулийн 37.2-т заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, бусдад шилжүүлсэн, эсхүл онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан;
10.1.5.энэ хуулийн 9.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа үйлдвэрлэсэн;
10.1.6.нэг жилийн хугацаанд хоёр, түүнээс дээш удаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 35.1-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал мэдээлэл ирүүлсэн;
10.1.7.стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй согтууруулах ундаа үйлдвэрлэсэн, худалдсан;
10.1.8.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй, санаатайгаар гэмтээсэн, устгасан, лацыг хөдөлгөсөн;
10.1.9.энэ хуулийн 9.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаанд зөрчлийг арилгаагүй;
10.1.10.хуульд өөрөөр заагаагүй бол үйлдвэрлэлийн хүчин чадлын тогтоосон доод хэмжээг ашиглаагүй;
10.1.11.онцгой албан татварын тэмдгийг бусдад дамжуулсан, шилжүүлсэн;
10.1.12.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш хоёр жил, түүнээс дээш хугацаанд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлээгүй;
10.1.13.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлсэн, ашиглуулсан.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн үйлдвэрийн барилга байгууламж болон байршилд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаанд дахин олгохыг хориглоно.
10.3.Энэ хуулийн 10.1-д заасан тохиолдол үүссэн нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж, шийдвэрлэх хүртэл хугацаанд согтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсооно.