12 дугаар зүйл. Согтууруулах ундааны шошго, савлагаанд тавигдах шаардлага
12.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа дараах мэдээллийг агуулсан шошготой байна:
12.1.1.согтууруулах ундааны нэр төрөл, цувралын дугаар;
12.1.2.согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
12.1.3.савлагааны хэмжээ;
12.1.4.орц бүрдүүлэгч, хүнсний нэмэлтийн дугаар, тэмдэглэгээ;
12.1.5.үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл;
12.1.6.согтууруулах ундааны хатуулаг;
12.1.7.стандарт, техникийн зохицуулалт;
12.1.8.согтууруулах ундаанаас үүдэлтэй эрүүл мэндийн хор нөлөөний анхааруулга.
12.2.Согтууруулах ундааны шошгонд барааны тэмдэг, зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн тухай мэдээллийг байршуулж болно.
12.3.Согтууруулах ундааны шошгонд тавигдах шаардлага, анхааруулгын загварыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
12.4.Монгол Улсад үйлдвэрлэх согтууруулах ундааны шошго нь монгол хэлээр байх бөгөөд гадаад улсад экспортлох бол энэ хуулийн 12.1-д заасныг мөрдөхгүй байж болно.
12.5.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээний өөрчлөлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.
12.6.Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
12.7.Согтууруулах ундаа хүнсний зориулалтын сав, баглаа, боодол, бөглөөтэй байна.
12.8.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны шил, савыг татан авах, дахин ашиглах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
12.9.Согтууруулах ундаа үйлдвэрлэгчээс бусад этгээд согтууруулах ундааны сав, баглаа, боодол, бөглөө, шошгыг гаалийн хилээр нэвтрүүлэх бол тухайн нэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг үндэслэнэ.