29 дугаар зүйл. Согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг хориглох
29.1.Согтууруулах ундаатай холбоотой дараах үйл ажиллагааг хориглоно:
29.1.1.Зар сурталчилгааны тухай хуулийн 141.4-т зааснаас бусад тохиолдолд спортын, соёл, урлагийн болон нийтийг хамарсан арга хэмжээ, нэвтрүүлгийн үеэр согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулах;
29.1.2.38, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглах;
29.1.3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах;
29.1.4.нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх;
29.1.5.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулах;
29.1.6.Зар сурталчилгааны тухай хуулийн 141.5-д зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, лого, барааны тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, хоолны цэс, зорчигчийн тийзэд болон бусад биет байдлаар гаргах;
29.1.7.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах.
29.2.Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.