33 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан

33.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид "сан" гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

33.1.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;

33.1.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувийг;

33.1.3.согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;

33.1.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

33.1.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.

33.2.Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

33.3.Сан нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд уг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын болон олон нийтийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.

33.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасан хяналтын хороо хяналт тавих бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл нь гуравны хоёроос доошгүй байна.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан олон нийтийн төлөөлөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төлөөлөх ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.

33.6.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.