5 дугаар зүйл. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
5.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тоог хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан Засгийн газар тогтооно.
5.2.Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
5.3.Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 5.2-т заасан журмын дагуу хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.4.Уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.5.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг энэ хуульд заасан журмын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
5.6.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.
5.7.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэх арга, ашиглах түүхий эд, үйлдвэрийн байршил, үйлдвэрлэлийн хүчин чадлын талаарх мэдээллийг тусгана.
5.8.Үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрийн байршлыг өөрчлөх, эсхүл шинэ нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэхэд энэ хуулийн 5.3, 5.4-т заасан тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.
5.9.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.
5.10.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./