11 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл

МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл

11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан, Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид "бүртгэл" гэх/-д бүртгэж, гэрчилгээ олгоно.

11.2.Бүртгэлд бүртгүүлсэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

11.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 11.1-д заасан хугацааг ажлын таван өдрөөр нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.4.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг ажлын таван өдрийн дотор хангаж ирүүлнэ. Энэ хугацаанд дутуу баримт бичгийг ирүүлээгүй бол бүртгэх байгууллага тухайн өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсанд тооцно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.5.Өргөдөл гаргагч энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлээгүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.6.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.5-д заасан мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана.

11.7.Өргөдөл гаргагч энэ хуулийн 11.6-д заасан бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгасны дараа бүртгүүлэх өргөдлөө дахин гаргаж болно.

11.8.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол бүртгэх байгууллага бүртгэхээс татгалзана.

11.9.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1, 11.3-т заасан хугацаанд өргөдөл гаргагчид бүртгэсэн эсэх талаар мэдэгдээгүй бол тухайн өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэсэнд тооцно.

11.10.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн цахим санд оруулах бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

11.11.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлтэй холбоотой, хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллээс бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулна.

11.12.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягт, заавар, бүртгэл хөтлөх журам, гэрчилгээний загварыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.