15 дугаар зүйл. Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах
15.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.1-д заасан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
15.2.Зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.2.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг;
15.2.2.гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.2.3.зээлийн хэмжээ;
15.2.4.зээлийн хүүгийн хэмжээ, түүнийг бодох, тооцох аргачлал;
15.2.5.зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
15.2.6.дансны дугаар;
15.2.7.барьцаа, батлан даалт байх эсэх;
15.2.8.хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх нөхцөл;
15.2.9.нэмэгдүүлсэн хүү байх эсэх;
15.2.10.шаардлагатай бусад нөхцөл.
15.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ байгуулахдаа энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл бүрийг зээлдэгчид тайлбарлаж өгнө.
15.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны, батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд барьцаалуулагч, батлан даагчтай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулж зээлийн гэрээнд хавсаргана. Барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.4.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн, барьцаалуулагчийн, батлан даагчийн нэр, хаяг;
15.4.2.гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.4.3.барьцааны, батлан даалтын гэрээний хугацаа;
15.4.4.зээлийн хэмжээ;
15.4.5.барьцаалуулагчийн, батлан даагчийн хүлээсэн үүрэг;
15.4.6.барьцаа хөрөнгө, түүний үнэлгээ;
15.4.7.шаардлагатай бусад нөхцөл.
15.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны, батлан даалтын гэрээ байгуулахдаа энэ хуулийн 15.4-т заасан нөхцөл бүрийг барьцаалуулагч, батлан даагчид тайлбарлаж өгнө.
15.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хадгална.
15.7.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэлийн дэвтэр болон энэ хуулийн 5.1.7-д заасан цахим бүртгэлд зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээг барьцаа хөрөнгийн гэрэл зургийн хамт бүртгэнэ.
15.8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээг гэрээ байгуулсан, өөрчлөлт оруулсан тухай бүрд бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
15.9.Энэ хуулийн 15.7, 15.8-д заасан бүртгэлийн дэвтрийн загвар, бүртгэлийн дэвтэр хөтлөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
15.10.Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.