УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ
Бизнес, компани, хөрөнгө оруулалт · 26 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж
2.1.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зохион байгуулж, арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна.
4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."биржийн арилжаа" гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах, түүнтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагааны цогц арга хэмжээг;
4.1.2."биржийн арилжаанд оролцогч" гэж биржийн арилжааны зуучлагч, биржийн арилжаанд биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах этгээдийг;
4.1.3."биржийн арилжааны зуучлагч /брокер/" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан биржид гишүүнчлэлтэй, биржийн арилжаанд оролцох эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.4."биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа" гэж биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бусдын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах үйл ажиллагааг;
4.1.5."биржийн дэнчин" гэж худалдан авагчаас биржийн арилжааны үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон арилжааны банкан дахь дансанд урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг;
4.1.6."биржийн зах зээлийн оролцогч" гэж биржийн арилжаанд оролцогч, шинжилгээний лаборатори, тээвэр зуучийн байгууллага зэрэг биржийн арилжаанд шууд болон шууд бусаар оролцох аливаа этгээдийг;
4.1.7."биржээр арилжаалах бүтээгдэхүүн" гэж биржийн арилжааны нөхцөл, шаардлагыг хангасан уул уурхайн бүтээгдэхүүнийг;
4.1.8."бүтээгдэхүүн арилжих гэрээний төрөл" гэж спот гэрээ, форвард гэрээ, фьючерсийн гэрээ болон опцион гэрээг;
4.1.9."опцион гэрээ" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.10-т заасныг;
4.1.10."спот гэрээ" гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд худалдах, худалдан авах гэрээг;
4.1.11."уул уурхайн бүтээгдэхүүн" гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ангилагдах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг;
4.1.12."уул уурхайн бүтээгдэхүүний бирж" /цаашид "бирж" гэх/ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг;
4.1.13."фьючерсийн гэрээ" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.11-д заасныг;
4.1.14."уул уурхайн бүтээгдэхүүний зохицуулалттай зах зээл" гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжих зохицуулалттай үйл ажиллагааг;
4.1.15."форвард гэрээ" гэж уул уурхайн бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх гэрээг.
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл. Бирж байгуулах, биржид тавигдах шаардлага
5.1.Бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна.
5.2.Биржийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой дараах зүйлийг дүрэмд тусгана:
5.2.1.биржийн дотоод хяналт, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны эрх, үүрэг;
5.2.2.биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн эрх, үүрэг.
5.3.Бирж нь үйл ажиллагаандаа компанийн сайн засаглалын зарчмыг мөрдөж, дараах техникийн болон дэд бүтцийн шаардлагыг хангасан байна:
5.3.1.арилжаа явуулах зориулалтын байр, арилжаа болон клирингийн программ хангамж, тоног төхөөрөмж, уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн болон арилжааны нэгдсэн мэдээллийн сантай байх;
5.3.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр логистикийн төв, шинжилгээний лабораторитой байх;
5.3.3.эрсдэлийн удирдлагын бодлоготой байх бөгөөд учирч болзошгүй эрсдэлээ даатгуулсан байх.
5.4.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг Засгийн газар батална.
5.5."Уул уурхайн бүтээгдэхүүний бирж" гэсэн тэмдэглэгээг зөвхөн энэ хуулийн дагуу байгуулагдсан бирж оноосон нэрэндээ хэрэглэх бөгөөд бусад этгээдийн оноосон нэрэнд хэрэглэхийг хориглоно.
5.6.Бирж нь хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 9.1-д зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэхгүй.
5.7.Биржийн үйл ажиллагаанд ашиглагдах энэ хуулийн 5.3.2-т заасан агуулах, терминал, тээвэр логистикийн төв, шинжилгээний лабораторийг бирж нь бүртгэж, итгэмжлэл олгосноор үйл ажиллагаандаа ашиглана.
5.8.Биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.11-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх бол Засгийн газар шийдвэрлэнэ.
6 дугаар зүйл. Биржийн удирдлага
6.1.Биржийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.
6.2.Биржийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, биржид хувь нийлүүлсэн бусад этгээд байна.
7 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл
7.1.Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.
7.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон 3 жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
7.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.
7.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.
7.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна:
7.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
7.5.2.уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
7.5.3.ял шийтгэлгүй байх;
7.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
7.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
7.5.6.санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
7.5.7.зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;
7.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх.
7.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 7.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна:
7.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн 5 жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;
7.6.2.уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
7.6.3.уул уурхайн компанийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.
8 дугаар зүйл. Биржийн гүйцэтгэх удирдлага
8.1.Гүйцэтгэх удирдлага нь биржийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
8.2.Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
8.3.Гүйцэтгэх захирал, газрын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.
8.4.Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
8.4.1.санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
8.4.2.төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад шаардлага.
8.5.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:
8.5.1.хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар зааснаас бусад Биржийн дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;
8.5.2.биржийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;
8.5.3.биржийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах;
8.5.4.шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
8.5.5.төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд биржийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;
8.5.6.хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах;
8.5.7.биржийн нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох.
8.6.Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:
8.6.1.биржийн үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
8.6.2.санхүүгийн сахилга батыг сахиулах, биржийн хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.6.3.биржийн дотоод нэгжүүд болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагааны уялдааг хангах;
8.6.4.биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийх, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;
8.6.5.биржийн арилжааны болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;
8.6.6.биржийн өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.6.7.үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах;
8.6.8.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулахад удирдлагаар хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.6.9.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зах зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;
8.6.10.уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаарх мэдээлэл, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;
8.6.11.биржийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
8.6.12.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;
8.6.13.төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах;
8.6.14.хуульд зааснаас бусад тохиолдолд өөр байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх;
8.6.15.энэ хуульд заасан биржийн мэдээллийг нийтэд тайлагнах явцад хяналт тавих.
8.7.Биржийн эрх бүхий албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байна.
9 дугаар зүйл. Биржийн чиг үүрэг
9.1.Бирж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.биржийн арилжааг зохион байгуулах;
9.1.2.биржийн арилжааны гэрээ, хэлцлийг бүртгэх;
9.1.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, тоо хэмжээ, чанарын хяналтыг зохион байгуулах;
9.1.4.биржээр арилжаалах бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлах, мэдээлэх;
9.1.5.олон улсын зах зээлийн үнэд нийцсэн нээлттэй, ил тод, арилжааны зарчимд тулгуурлан тогтсон бүтээгдэхүүний үнийг зарлах;
9.1.6.биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа хүчин зүйл, хэтийн төлөвийг судлах;
9.1.7.биржийн арилжаанд оролцогчийг мэдээллээр хангах;
9.1.8.биржийн арилжаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах, арилжааны явцад хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбогдох маргааныг биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлэх;
9.1.9.биржийн арилжаанд оролцох эрх олгох;
9.1.10.биржийн арилжаанд оролцогчийг сургалт, мэдээллээр хангах;
9.1.11.биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж, магадалгаа гаргах;
9.1.12.биржийн арилжааны явцад зохиомлоор үнэд нөлөөлөх, үгсэн хуйвалдах оролдлого, зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;
9.1.13.биржээр арилжаалах бүтээгдэхүүний агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох, цуцлах;
9.1.14.биржийн арилжааны үр дүнд худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулах дэнчингийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;
9.1.15.биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу ангилж тухайн бүтээгдэхүүний биет хэмжээ, үнийн мэдээллийг биржийн арилжаанд оролцогч тус бүрээр гарган, сар бүр Татварын ерөнхий газарт хүргүүлэх.
9.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дараах харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлнэ:
9.2.1.биржээр арилжаалах бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг баталгаажуулах;
9.2.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, чанарын хяналтыг зохион байгуулах;
9.2.3.биржийн арилжааны гэрээний стандарт тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих;
9.2.4.биржийн арилжааг зохион байгуулах;
9.2.5.биржийн арилжааны ханш тогтолтод хяналт тавих;
9.2.6.биржийн арилжааны үр дүнд үүссэн тооцоог тодорхойлох, төлбөрийг гүйцэтгэх, дэнчингийн хэмжээг тогтоох, байршуулах;
9.2.7.биржийн арилжааны хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
9.2.8.биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах;
9.2.9.биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох;
9.2.10.харилцагчийн даалгаврыг хүлээж авах, биелүүлэх зэрэг харилцааг зохицуулах;
9.2.11.арилжааны гэрээг бүртгэх.
БИРЖИЙН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
10 дугаар зүйл. Биржээр арилжаалах бүтээгдэхүүн
10.1.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.
10.2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина.
10.3.Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.4.Энэ хуулийн 10.3-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11 дугаар зүйл. Биржийн арилжааг зохион байгуулах
11.1.Биржийн арилжааг энэ хуулийн 9.2.4-т заасан журмын дагуу зохион байгуулна.
11.2.Бирж арилжааг удирдан явуулах бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.2.1.биржийн арилжааны бэлтгэл хангагдсан эсэхийг хянаж, арилжааг эхлүүлэх;
11.2.2.биржийн арилжааны явцад шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед арилжааг түр зогсоох, арилжааг хаах;
11.2.3.биржийн арилжааны журмыг мөрдүүлэх.
12 дугаар зүйл. Арилжааны гэрээг бүртгэх, хэрэгжилтийг хангах
12.1.Биржээр бүтээгдэхүүнийг арилжаалахад дараах төрлийн арилжааны гэрээг байгуулна:
12.1.1.спот гэрээ;
12.1.2.форвард гэрээ;
12.1.3.фьючерсийн гэрээ;
12.1.4.опцион гэрээ.
12.2.Биржийн арилжаа хийгдэж, хэлцэл биелснээр арилжааны гэрээг байгуулсанд тооцно.
12.3.Бирж арилжааны явцад хийгдсэн гэрээг энэ хуулийн 9.2.11-д заасан журмын дагуу бүртгэнэ.
12.4.Арилжааны гэрээний үүрэг хариуцлагыг тухайн арилжаанд зуучилсан брокер хариуцна.
12.5.Бирж, биржийн брокер нь холбогдох баримт бичгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу бүртгэж, хадгална.
12.6.Спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүн нь биржийн итгэмжлэгдсэн терминалд байршиж, бүртгэгдсэн байна.
13 дугаар зүйл. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт
13.1.Биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр биржээр арилжаалсан бүтээгдэхүүний чанарын хяналтыг бирж зохион байгуулж болно.
13.2.Бирж нь биржээр арилжаалах бүтээгдэхүүний биет хэмжээ, чанар, стандартад хяналт тавих зорилгоор уг бүтээгдэхүүнийг хүлээн авахад байлцах эрхтэй.
13.3.Биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт нь худалдан авагчаас шаардсан чанар, стандартад нийцэж байгаа эсэхэд бирж хяналт тавина.
14 дугаар зүйл. Биржийн арилжааны үнэ, түүнийг мэдээлэх
14.1.Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана.
14.2.Биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэд нийцсэн, тэгш, шударга, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд үндэслэнэ.
14.3.Биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно.
14.4.Хүчингүй болсон, хүчин төгөлдөр бус гэж тооцсон болон биржээс гадуур хийгдсэн хэлцлийн үнийг биржийн арилжааны үнэ гэж үзэхгүй.
14.5.Биржийн арилжаанд оролцогч дараах нөхцөл, журмыг зөрчиж арилжаанд оролцсон бол арилжааг зогсооно:
14.5.1.биржид тухайн үед тогтсон үнийн дээд, доод хязгаараас давсан ханшаар нэг төрлийн, ижил хэмжээний бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар нэгэн зэрэг захиалга өгсөн, эсхүл аливаа хэлбэрээр тохиролцоо хийсэн;
14.5.2.биржээр арилжаалах бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн талаар болон биржийн арилжааны зах зээлд оролцогчийн талаар худал мэдээлэл тараасан;
14.5.3.биржийн арилжаагаар эзэмшигч нь бодитой өөрчлөгдөөгүй хуурамч хэлцэл хийсэн;
14.5.4.биржийн хянан шалгагч, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчаас биржийн арилжааны журмыг зөрчиж зах зээлийг урвуулан ашигласан гэх нөхцөл байдлыг тогтоосон.
15 дугаар зүйл. Биржийн арилжааны төлбөр, тооцоо
15.1.Фьючерс болон опцион гэрээний арилжааны төлбөр, тооцоог үнэт цаасны төлбөрийн болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.
15.2.Спот болон форвард гэрээний арилжааны төлбөрийн үйл ажиллагааг дотоодын арилжааны банк, эсхүл үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.
15.3.Төлбөр тооцоог хийхэд баримтлах журмыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.
15.4.Бирж нь тооцооны үйл ажиллагааг өөрөө, эсхүл үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ
16 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
16.1.Засгийн газар биржийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1.биржийн үйл ажиллагааг зохицуулах асуудлаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах, түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
16.1.2.биржийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох этгээдээс авах.
16.2.Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох журмыг батална.
17 дугаар зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх
17.1.Биржийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ байна.
17.2.Хороо нь биржийн үйл ажиллагаатай холбогдуулан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1.энэ хуулийн 16.1.1-д заасан эрх;
17.2.2.биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоох;
17.2.3.биржийн болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоосон журам батлах;
17.2.4.бирж болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл ажиллагаанд хяналт тавих журмыг батлах;
17.2.5.биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий журмыг батлах;
17.2.6.биржийн зах зээлд оролцогчдын үйлчилгээний төлбөр, хураамжийг тухайн оролцогчдын саналыг харгалзан тогтоох.
17.3.Хороо нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам батална.
17.4.Бирж, биржийн арилжаанд оролцогч нь Хорооноос гаргасан шийдвэр, Хорооны улсын байцаагчаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.
БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ
18 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогч
18.1.Брокер нь биржид гишүүнчлэлтэй Монгол Улсын хуулийн этгээд байна.
18.2.Брокер нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна доор дурдсан эрхтэй:
18.2.1.биржийн арилжаанд оролцогчийн захиалга, түүний биелэлтийг зохих журмын дагуу баталгаажуулах;
18.2.2.холбогдох журмын дагуу биржийн арилжаанд оролцогчийн захиалгыг биржид бүртгүүлэх;
18.2.3.биржийн арилжаанд оролцогчийг төлөөлөн арилжаанд оролцож, хэлцэл хийх;
18.2.4.биржийн арилжаанд оролцох журам, биржээр арилжаалах бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, биржийн зах зээлд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар биржийн арилжаанд оролцогчид мэдээлэл өгч, баталгаа гаргуулах;
18.2.5.биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлүүлэх;
18.2.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
19 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчийн нийтлэг эрх, үүрэг
19.1.Биржийн арилжаанд оролцогч нь дараах нийтлэг эрх, үүрэгтэй:
19.1.1.биржээс баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөх;
19.1.2.биржийн арилжаанд шударгаар оролцох;
19.1.3.биржээр арилжаалах бүтээгдэхүүний захиалгаа бүртгүүлэх;
19.1.4.биржийн итгэмжлэгдсэн лабораториос хүлээн авсан биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанар, стандарт, сорьц, тоо хэмжээг үнэн зөв мэдээлэх, бүртгүүлэх;
19.1.5.буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах;
19.1.6.биржийн шаардлагаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл өгөх;
19.1.7.биржийн арилжаа, үнийн талаар мэдээлэл авах;
19.1.8.биржээс тогтоосон дэнчингийн шаардлагыг хангаж, арилжаа биелж, хэлцэл хийгдмэгц хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх;
19.1.9.биржийн үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлөх;
19.1.10.хууль тогтоомжид заасан бусад.
20 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл
20.1.Биржийн арилжаанд оролцогч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
20.1.1.арилжаанд оролцогч бусад этгээдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах, бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;
20.1.2.үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зохиомлоор тогтоох, зах зээлийг урвуулан ашиглах зорилготой аливаа үйлдэл хийх;
20.1.3.хууль тогтоомжоор хориглосон бусад.
21 дугаар зүйл. Бирж, түүний ажилтанд хориглох зүйл
21.1.Бирж нь өөрийн нэрийн өмнөөс болон бусад оролцогчийн нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцохыг хориглоно.
21.2.Биржийн ажилтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
21.2.1.биржийн арилжаанд оролцох;
21.2.2.биржийн арилжааны брокерын компани байгуулах, түүнд хувьцаа эзэмших;
21.2.3.биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад тараах, задруулах;
21.2.4.биржийн арилжааны брокертой үгсэн хуйвалдаж биржийн арилжааг хууль бусаар явуулах;
21.2.5.биржийн арилжааны үнэ ханшид нөлөөлж болох мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;
21.2.6.ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах;
21.2.7.биржийн арилжаанд оролцогчийг арилжаанд оролцуулахгүй байх, үнэ ханшид нөлөөлөх зорилгоор бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулах, бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн, эсхүл тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлэх үйлдэл, эс үйлдэхүй гаргах.
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
22 дугаар зүйл. Биржийн үйл ажиллагаанд тавих хяналт
22.1.Биржийн үйл ажиллагаа болон арилжааны явцад тавих хяналт нь Хорооны хяналт, дотоод хяналт болон хөндлөнгийн санхүүгийн хяналт гэсэн хэлбэртэй байна.
22.2.Биржийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон дотоод аудитын алба нь биржийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
22.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооноос сонгосон хараат бус аудитын байгууллага биржийн жилийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хамт биржийн цахим хуудсаар дамжуулан ажлын 10 өдрийн хугацаанд нийтэд мэдээлнэ.
22.4.Бирж, биржийн арилжаанд оролцогч брокер нь биржийн хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд Хорооноос хяналт тавина.
БУСАД
23 дугаар зүйл. Биржийн үйл ажиллагаатай холбогдсон маргааныг шийдвэрлэх
23.1.Бирж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд биржийн арилжаанд оролцогч хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөл /цаашид "маргаан таслах зөвлөл" гэх/-тэй байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.
23.2.Биржийн арилжаанд оролцогч нь биржийн арилжаатай холбоотой гомдлоо арилжаа хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гаргана.
23.3.Маргаан таслах зөвлөл энэ хуулийн 23.2-т заасан гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
23.3.1.гомдлын шаардлагыг хангах;
23.3.2.гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох;
23.3.3.гомдлын хүрээнд арилжааны шийдвэрт өөрчлөлт оруулах.
23.4.Биржийн арилжаанд оролцогч нь маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
24 дугаар зүйл. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх
24.1.Арбитрын хэлэлцээртэй бол биржийн арилжаанд оролцогчийн хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 23 дугаар зүйл хамаарахгүй.
25 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
26.1.Энэ хуулийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР