ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 27 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээ, удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хууль тогтоомж

2.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Банкны тухай хуульд заасны дагуу банк байгуулах тусгай зөвшөөрөл авсан банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

3.3.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаатай холбогдох харилцааг Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

3.4.Монгол Улсын Хөгжлийн банктай холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк" гэж төслийг дунд, урт хугацааны тогтвортой хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдийг;

4.1.2."төсөл" гэж санхүүгийн хөрөнгийн дунд, урт хугацаатай эх үүсвэр шаардлагатай, уг эх үүсвэрийг орлогоороо нөхөх боломжтой эдийн засгийн үйл ажиллагааг;

4.1.3."харилцагч" гэж хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас санхүүжүүлж байгаа төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч хуулийн этгээд болон Монголбанкнаас төслийн оролцогч гэж үзсэн бусад хуулийн этгээдийг.

5 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хэлбэр, хувь нийлүүлсэн хөрөнгө

5.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хаалттай хувьцаат компани, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байна.

5.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтын түвшин, улсын төлбөрийн тэнцлийн үзүүлэлт, төгрөгийн ханшийн өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны онцлог, банкны салбар дахь төслийн санхүүжилтийн хэмжээ, шаардлагатай бусад хүчин зүйлсийг харгалзан Монголбанк тогтооно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагаа

6.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл санхүүжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

6.1.1.зээл олгох;

6.1.2.төлбөр тооцоо;

6.1.3.баталгаа, батлан даалт;

6.1.4.үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах;

6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, арилжих;

6.1.6.андеррайтер;

6.1.7.кастодиан;

6.1.8.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.

6.2.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголбанк, энэ хуулийн 6.1.6, 6.1.7, 6.1.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоно.

6.3.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 6.2-т заасан зөвшөөрлийг олгохдоо тухай бүр Монголбанкны саналыг урьдчилан авна.

7 дугаар зүйл. Зээл олгох

7.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк төсөл санхүүжүүлэх зорилгоор харилцагчид зээл олгож болно.

7.2.Төсөлд олгох зээлийн хэмжээ, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл, зээлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлагыг банкны системд нөлөө бүхий банкнаас хуулийн этгээдэд олгосон зээлийн хэмжээ, бусад хүчин зүйлийг харгалзан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран тогтооно.

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан зээлийн хугацаа 2 жилээс доошгүй байна.

7.4.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бол Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан эрх бүхий этгээдэд зөвхөн дуудлага худалдааны үндсэн дээр шилжүүлнэ.

8 дугаар зүйл. Төлбөр тооцоо

8.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь энэ хуулийн 6.1.1, 6.1.3, 6.1.4, 6.1.6-д заасан үйл ажиллагаанд шууд хамаардаг харилцагч болон Монголбанк, банкны төлбөр тооцоог гүйцэтгэж болно.

8.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.

9 дугаар зүйл. Баталгаа, батлан даалт

9.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк энэ хуулийн 14.1-д заасан хязгаарлалтын хүрээнд дангаар болон бусад этгээдтэй хамтран төсөл санхүүжүүлэхтэй холбогдуулан харилцагчийн хүлээсэн үүрэгт гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргаж болно.

9.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас гаргах баталгаа, батлан даалтад тавих шаардлага, нөхцөлийг Монголбанкнаас баталсан журмаар зохицуулна.

10 дугаар зүйл. Үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах

10.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хязгаарлалтын хүрээнд гадаад улс, дотоодын үнэт цаасны зах зээлд үнэт цаас гаргаж болно.

10.2.Энэ хуулийн 10.1-д зааснаар дотоодын үнэт цаасны зах зээлд гаргах үнэт цаас нь хаалттай хүрээнд байна.

10.3.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, мөнгөн хөрөнгийн нөөцийг удирдах зорилгоор мөнгөний зах зээл дээр богино хугацааны үнэт цаас гаргаж болно.

10.4.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк төсөл санхүүжүүлэх зорилгоор харилцагчийн үнэт цаасны зах зээл, мөнгөний зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдаж, худалдан авч болно.

10.5.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк компанийн хувьцааг тав хүртэлх жилийн хугацаанд эзэмшиж болно.

10.6.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь харилцагч, түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэл хувийг эзэмшиж болох бөгөөд эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байна.

10.7.Энэ хуулийн 14.3-т заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны худалдах, худалдан авах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, бүртгэл, хэмжээ, хэлцэл хийхэд баримтлах журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.

11 дугаар зүйл. Гадаад валют худалдах, худалдан авах, арилжих

11.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь энэ хуулийн 6.1.1, 6.1.6-д заасан үйл ажиллагааны хүрээнд харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэх, үйл ажиллагаа эрхлэхэд үүсэж болох гадаад валютын ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаад валют худалдах, худалдан авах, түүнтэй холбоотой валют арилжааны бусад хэлцлийг хийж болно.

11.2.Энэ зүйлийн 11.1-д заасан үйл ажиллагааг Валютын зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

12 дугаар зүйл. Андеррайтер, кастодиан, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа

12.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас төсөл санхүүжүүлэхтэй холбоотойгоор энэ хуулийн 6.1.6, 6.1.7, 6.1.8-д заасан үйл ажиллагааг эрхлэх харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

13 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд хориглох үйл ажиллагаа

13.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

13.1.1.энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх;

13.1.2.мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, тэдгээртэй адилтгах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх;

13.1.3.хараат болон охин компани үүсгэн байгуулах;

13.1.4.банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг худалдан авах.

14 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, шаардлага

14.1.Аливаа этгээд, түүний холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгох хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл, зээлтэй адилтган тооцох хөрөнгийн хэмжээ хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны өөрийн хөрөнгийг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.

14.2.Зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн нийт дүн нь хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны өөрийн хөрөнгийг арав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.

14.3.Баталгаа, батлан даалт, эзэмшиж байгаа үнэт цаасны нийт дүнгийн нийлбэр нь хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны өөрийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.

14.4.Энэ зүйлд зааснаас бусад шаардлага, үйл ажиллагааны хязгаарлалтын журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНК ҮҮСГЭН БАЙГУУЛАХ

15 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах

15.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах зөвшөөрлийг Монголбанк олгоно.

15.2.Гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах, эсхүл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны нийт гаргасан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, эсхүл өр төлбөрийн эх үүсвэрийн хөрөнгийн 33 буюу түүнээс дээш хувийг эзэмших тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу урьдчилан авсан байна.

15.3.Гадаад улсын хуулийн этгээд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тухайн хуулийн этгээд нь зөвхөн банк, санхүүгийн байгууллага байх бөгөөд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь тухайн хуулийн этгээдийн охин компани байна.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд хувь нийлүүлсэн хөрөнгө, үйл ажиллагаа эрхлэх эх үүсвэр нь эдийн засгийн харьяат бус этгээдээс гарал үүсэлтэй гадаад валют байх буюу тухайн этгээдийн эзэмшиж байгаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр бүрдүүлээгүй байна.

15.5.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг бусдад худалдах, шилжүүлэхийг хориглоно.

15.6.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувьцаа эзэмшигч нь тус банкны нийт гаргасан хувьцааг дангаар эзэмшиж болно.

16 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага

16.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулагч нь Банкны тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, 23.1-д заасан шаардлагыг хангасан байна.

16.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах гадаад улсын банк, санхүүгийн байгууллага нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

16.2.1.гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх;

16.2.2.хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг зөрчсөн тохиолдолд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хэмжээний хөрөнгийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банканд оруулах үүрэг хүлээсэн байх;

16.2.3.үүсгэн байгуулагч улсын банк, санхүүгийн байгууллагын хяналт шалгалт, зохицуулалтад олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандарт мөрдөгддөг байх;

16.2.4.сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн улсын болон бусад улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;

16.2.5.үүсгэн байгуулагч хуулийн этгээд, түүний удирдлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

16.2.6.Банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа нийцүүлэх чадвартай байх.

17 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

17.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үүсгэн байгуулагч нь Банкны тухай хуулийн 20.1 болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

17.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах гадаад улсын банк, санхүүгийн байгууллага нь энэ хуулийн 17.1 болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

17.2.1.харьяалах улсын эрх бүхий зохицуулагч байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;

17.2.2.хуульд заасан бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу авсан зөвшөөрөл.

17.3.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк үүсгэн байгуулах болон өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, эзэмшихэд тавих нөхцөл, шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран тогтооно.

18 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох

18.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараах шаардлага хангасан эсэхийг тогтооно:

18.1.1.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага;

18.1.2.Банкны тухай хуульд заасан банкны хяналт шалгалт, албадлагын арга хэмжээг аливаа саадгүй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой эсэх.

18.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк хүлээн авахдаа энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага, 17 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянах бөгөөд хэрэв нэмэлт баримт бичиг шаардлагатай бол уг нэмэлт баримт бичгийг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

19 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

19.1.Монголбанк дараах үндэслэлээр хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

19.1.1.энэ хуулийн 5, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

19.1.2.Банкны тухай хуулийн 24.1-д заасан үндэслэлээр.

20 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг бүртгэх

20.1.Энэ хуульд заасны дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.

20.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

21 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны нэр

21.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны нэр нь түүний оноосон нэр болон "хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк" гэсэн үгнээс бүрдэнэ.

21.2.Гадаад улсын банк, санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны нэр нь толгой компанийн нэр болон "хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк" гэсэн үгнээс бүрдэнэ.

21.3.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны нэрийг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр хуулийн дагуу өөрчилнө.

22 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

22.1.Монголбанк хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нийтэд зарлана:

22.1.1.хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг зарласан, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

22.1.2.энэ хуулийн 5, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;

22.1.3.Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ УДИРДЛАГА, ТАЙЛАН, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

23 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны удирдлага

23.1.Гадаад улсын банк, санхүүгийн байгууллагаас үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны толгой компанийн удирдлагыг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээдээс томилно.

23.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хоёроос доошгүй гишүүн, гүйцэтгэх удирдлага нь төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, банк, санхүүгийн байгууллагад таваас доошгүй жил эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай этгээд байна.

23.3.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны төлөөлөн удирдах зөвлөл таваас доошгүй гишүүнтэй байх ба хоёроос доошгүй хараат бус гишүүнтэй байна.

23.4.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрх бүхий албан тушаалтан нь тухайн банканд кастодиан, үнэлгээний болон аудитын үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд, компанийн эрх бүхий албан тушаалтан, үнэлгээчин, аудиторын холбогдох этгээд байхыг хориглоно.

24 дугаар зүйл. Санхүүгийн тайлан

24.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргана.

25 дугаар зүйл. Хяналт шалгалт

25.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк, түүний толгой компани, нэгдлийн бүтэц, зохион байгуулалт, актив, пассив, өөрийн хөрөнгөд тавих шаардлага болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, тэдгээрт хийх хяналт шалгалттай холбогдох харилцааг Банкны тухай хууль болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулна.

25.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үүсгэн байгуулагч гадаад улсын хуулийн этгээд бол тус этгээдийн оршин байгаа улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагатай Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хяналт шалгалт хийж болно.

25.3.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үүсгэн байгуулагчийн оршин байгаа улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага энэ хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд Монголбанкны зөвшөөрлөөр хяналт шалгалт хийж болно.

БУСАД

26 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

26.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

27.1.Энэ хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.