МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ЖУРМЫН ТУХАЙ

Төр, засаглал · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгална.

3 дугаар зүйл. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны дотор, холбогдох бусад хууль тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

4 дугаар зүйл. Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй.

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.