11 дугаар зүйл. Ёс зүйн хороо, түүний бүрэн эрх

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Ёс зүйн хороо, түүний бүрэн эрх

11.1.Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд ажиллах бөгөөд ёс зүйн асуудал хариуцсан нэгжтэй байна.

11.2.Ёс зүйн хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

11.3.Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн гишүүд, орон тооны бус 4, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан орон тооны бус 4 гишүүнийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо томилж, чөлөөлнө.

11.5.Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм, орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо батална.

11.6.Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:

11.6.1.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;

11.6.2.хуульд өөрөөр заагаагүй бол Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах;

11.6.3.төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах;

11.6.4.энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах;

11.6.5.энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

11.6.6.томилох эрх бүхий албан тушаалтнаас ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн эсэхэд хяналт тавих;

11.6.7.Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлах;

11.6.8.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг баталж, мөрдүүлэх;

11.6.9.бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

11.6.10.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг зөрчсөн талаарх нэгдсэн дүн, төлөв байдлын тайлан гаргах;

11.6.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.7.Энэ хуулийн 7.2, 7.3-т заасан ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль тогтоомж, дүрмийн төсөлд Ёс зүйн хорооны саналыг авна.

11.8.Ёс зүйн хорооны гишүүн хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүл, садан төрлийн бусад гишүүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээс татгалзах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.