27 дугаар зүйл. Аялал жуулчлалын мэдээллийн сан
27.1.Аялал жуулчлалын салбарын судалгаа, шинжилгээ, статистик мэдээллийн нэгдсэн сан /цаашид "Аялал жуулчлалын мэдээллийн сан" гэх/-г аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
27.2.Аялал жуулчлалын мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
27.2.1.хууль тогтоомжийн болон салбарын хүний нөөцийн мэдээлэл;
27.2.2.дотоодын болон олон улсын жуулчны тоон мэдээлэл;
27.2.3.аялал жуулчлалын байгууллагын бүртгэл, мэдээлэл;
27.2.4.улсын, орон нутгийн, хил орчмын аялал жуулчлалын бүс, маршрутын мэдээлэл;
27.2.5.олон улсын, улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуух үйлчилгээний байгууламжийн мэдээлэл;
27.2.6.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан отоглох цэгийн мэдээлэл;
27.2.7.энэ хуулийн 15.5-д заасан жуулчдад учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын талаарх мэдээлэл.
27.3.Аялал жуулчлалын мэдээллийн сан нийтэд нээлттэй байна.