7 дугаар зүйл. Тур оператор
7.1.Тур оператор дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
7.1.1.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөн бүрдүүлж шууд, эсхүл аяллын агентаар дамжуулан худалдан борлуулах, аялал зохион байгуулах;
7.1.2.жуулчдад зориулсан соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, худалдан борлуулах;
7.1.3.виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх;
7.1.4.агаарын, төмөр замын болон бусад тээврийн хэрэгслээр зорчих тасалбар /тийз/-ын захиалга хийх, тасалбар /тийз/ худалдан борлуулах.
7.2.Тур оператор дараах үүрэгтэй:
7.2.1.Монгол Улсын хууль тогтоомж, түүх, соёл, зан заншлын талаар жуулчинд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх;
7.2.2.аялал жуулчлалын мэдээллийн санд үйл ажиллагааныхаа статистик мэдээллийг маягтын дагуу тогтоосон хугацаанд ирүүлэх;
7.2.3.аяллыг баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж ажиллах;
7.2.4.байгаль, түүх, соёлын биет өвийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авч, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;
7.2.5.жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;
7.2.6.байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх;
7.2.7.бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжийг цахим орчинд бүрдүүлсэн байх;
7.2.8.хуульд заасан бусад үүрэг.