3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."ерөнхий боловсрол" гэж бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсролыг;

3.1.2."боловсролын агуулга" гэж боловсролын тухайн түвшинд суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшлийн цогцыг;

3.1.3."боловсролын түвшин" гэж сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролыг;

3.1.4."багц цаг" гэж боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг;

3.1.5."зайн сургалт" гэж боловсролын агуулгыг суралцагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг;

3.1.6."мэргэжлийн чиглэл" гэж мэргэжил эзэмших хөтөлбөрийн ангиллыг;

3.1.7."насан туршийн суралцахуй" гэж хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан, албан бус сургалтаар болон амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагааг;

3.1.8."албан боловсрол" гэж боловсролын сургалтын байгууллагаар дамжуулж, эрх бүхий байгууллагаас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчийн боловсрол эзэмших, үр дүнг боловсролын баримт бичгээр баталгаажуулдаг зохион байгуулалттай үйл ажиллагааг;

3.1.9."албан бус боловсрол" гэж иргэн, хуулийн этгээдээс хүний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагааг;

3.1.10."амьдралын орчинд суралцахуй" гэж хүний ажил, амьдрал, нийгмийн орчинд бие даан чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагааг;

3.1.11."суралцагч" гэж боловсролын сургалтын байгууллагад албан ёсоор суралцаж байгаа хүнийг;

3.1.12."сургалтын орчин" гэж сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн материаллаг болон сэтгэл зүйн нөхцөл, сурах, сургах харилцааг;

3.1.13."сургалтын хөтөлбөр" гэж суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичгийг;

3.1.14."төлөвшил" гэж хүмүүжил, хандлага, эрхэмлэх үнэт зүйлийг;

3.1.15."мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц" гэж хүний эзэмшсэн чадвар, чадамжийг ангилан төрөлжүүлж, түвшнээр нь эрэмбэлсэн бүтцийг;

3.1.16."хувьсах зардал" гэж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэг суралцагчид ногдох шууд болон шууд бус өртөгт суурилсан зардлын дундаж хэмжээг;

3.1.17."цахим сургалт" гэж цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг;

3.1.18."цэрэг, цагдаагийн дээд боловсролын сургалтын байгууллага" гэж зэвсэгт хүчин, тагнуул, хил хамгаалах, цагдаа, онцгой байдлын мэргэжлийн чиглэлээр сургалт эрхэлдэг хуулийн этгээдийг;

3.1.19."боловсролын үнэлгээ" гэж боловсрол, сургалтын үйл ажиллагааны явц, үр дүнгийн мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх, дүгнэх, баталгаажуулах, цахим технологи ашиглан тайлагнах үйл явцыг;

3.1.20."чанарын баталгаажуулалт" гэж боловсрол, сургалтын чанарыг хууль тогтоомжид заасан шаардлага, чанарын шалгуур, стандартад нийцсэн эсэхийг үнэлж дүгнэх, сайжруулах, үр дүнг баталгаажуулах үйл явцыг;

3.1.21."хөндлөнгийн үнэлгээ" гэж эрх бүхий мэргэжлийн байгууллагаас үнэлэх үнэлгээг;

3.1.22."магадлан итгэмжлэл" гэж боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанар нь эрх бүхий байгууллагаас тогтоосон шалгуурыг хангаж байгаа эсэхэд мэргэжлийн, хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх үйл явцыг;

3.1.23."эндаументын сан" гэж дээд боловсролын сургалтын байгууллагад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг олох зорилгогүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгийг;

3.1.24."ялгаатай хэрэгцээ" гэж хүний боловсрол эзэмшихтэй холбоотой хөгжлийн бэрхшээл, онцгой авьяас, хэл, соёл, жендэр, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.