22 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл, түүний чиг үүрэг

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл, түүний чиг үүрэг

22.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбооны хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр, хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тогтоол, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий орон тооны бус Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ байна.

22.2.Зөвлөл нь төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, ажил олгогчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 15 гишүүнтэй байна.

22.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байгууллагын санал болгосноор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:

22.3.1.төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн өмчийн болон хувийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

22.3.2.ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийн эрх ашгийг албан ёсоор төлөөлөх байгууллага.

22.4.Зөвлөлийн даргыг Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний олонхын саналаар томилно.

22.5.Зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22.6.Зөвлөл ажлаа Боловсролын ерөнхий хуулийн 23.4-т заасан Боловсролын үндэсний зөвлөлд тайлагнана.

22.7.Зөвлөл энэ хуулийн 30.3-т заасан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн улирлын болон жилийн тайланг хянан хэлэлцэнэ.

22.8.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

22.8.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;

22.8.2.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах;

22.8.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

22.8.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих санд аж ахуйн нэгж, байгууллагаас үзүүлж болох санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг салбарын онцлогт нийцүүлэн тогтоох;

22.8.5.эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад санал өгөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.