3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."чадамжид суурилсан сургалт" гэж ажил, мэргэжлийн стандартад тодорхойлсон чадамж эзэмшихэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг;

3.1.2."чадамж" гэж мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг;

3.1.3."чадамжийн нэгж" гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшихэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүнийг;

3.1.4."мэргэшил" гэж хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг;

3.1.5."мэргэшлийн түвшин" гэж ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг;

3.1.6."мэргэжлийн сургалт" гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг;

3.1.7."мэргэжлийн боловсрол" гэж мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшнийг;

3.1.8."техникийн боловсрол" гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшнийг;

3.1.9."мэргэшүүлэх сургалт" гэж иргэнийг мэргэжлийн чиглэлээр давтан сургах, мэргэшлийн түвшин ахиулах сургалтыг;

3.1.10."хосмог сургалт" гэж сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд сургалтыг хослуулан зохион байгуулахыг;

3.1.11."эзэмшсэн мэдлэг, ур чадвар" гэж иргэн албан бус боловсрол, эсхүл амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг;

3.1.12."дадлагажуулагч" гэж суралцагчийг үйлдвэрлэлийн орчинд дагалдуулан сургах, ур чадвар эзэмшүүлэх үүрэг бүхий, арга зүйн сургалтад хамрагдсан ажилтныг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.