6 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр
6.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга энэ хуулийн 4.1-д заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
6.2.Мэргэжлийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах чадамж, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.3.Техникийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, техник, технологийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэх чадамж, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.4.Мэргэжлийн сургалтын агуулгыг суралцагчид мэргэшлийн түвшний ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах чиглэлээр тогтооно.
6.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгыг багц цагаар тооцох бөгөөд дараагийн боловсролын түвшинд дүйцүүлнэ.
6.6.Мэргэжлийн болон техникийн боловсролын багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.7.Энэ хуулийн 6.2, 6.4-т заасан агуулгыг чадамжид суурилсан сургалтынхөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
6.8.Сургалтын хөтөлбөрийг түншлэлийн оролцоог хангаж ажил, мэргэжлийн стандартад нийцүүлэн энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага боловсруулна.
6.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр нь ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсэгтэй байна.
6.10.Сургалтын байгууллага нь суралцагчийн ялгаатай хэрэгцээ, ур чадварын түвшинг харгалзан энэ хуулийн 6.7-д заасан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж болно.
6.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.12.Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.13.Мэргэжлийн болон техникийн боловсролд ижил түвшний олон улсын болон хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
6.14.Энэ хуулийн 6.13-т заасан хөтөлбөрийн сургалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгоно.
6.15.Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.