11 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх
11.1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл хөдөлмөрийн чадвараа алдахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
11.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.
11.3.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээгдсэнээс хойш 6 сарын дотор дахин хөдөлмөрийн чадвараа алдсан бол өмнө нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгоход баримталсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгох эрхтэй.