ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ

Дэд бүтэц, тээвэр, эрчим хүч · 49 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц барих, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн хууль тогтоомж

2.1.Төмөр замын тээврийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбогдсон харилцааг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй зохицуулахад үйлчилнэ.

3.2.Метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг барих, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."төмөр замын тээвэр" гэж төмөр замын тээвэрлэлт болон түүнд зориулагдсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, салбар зам, бусад байгууламж, тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний иж бүрдлийг;

4.1.2."төмөр замын тээвэрлэлт" гэж зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэхэд бэлтгэх, тээвэрлэх, тээвэрлэлтийг дуусгахтай холбоотой харилцан уялдаатай цогц ажил, үйлчилгээг;

4.1.3."тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн гэрээний дагуу төмөр замаар зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

4.1.4."төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч" гэж төмөр замын суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

4.1.5."төмөр замын тээврийн байгууллага" гэж тээвэрлэгч, төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийг;

4.1.6."төмөр замын суурь бүтэц" гэж төмөр замын дээд, доод бүтэц, гүүр, хоолой, өртөө, зөрлөг, эрчим хүч, усан хангамж, дохиолол, холбоо, мэдээлэл, сүлжээ, техник, технологи бүхий инженерийн байгууламжийг;

4.1.7."нийтийн төмөр зам" гэж нийтэд тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий төмөр замын суурь бүтцийг;

4.1.8."үйлдвэрлэлийн зориулалттай төмөр зам" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан төмөр замын суурь бүтцийг;

4.1.9."салбар зам" гэж ачаа ачих, буулгах, хадгалах зам талбай болон бусад зориулалттай байгууламж бүхий төмөр замыг;

4.1.10."хөдлөх бүрэлдэхүүн" гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, төмөр замаар явагч тусгай зориулалтын техник хэрэгслийг;

4.1.11."галт тэрэг" гэж чиглэлийн дугаар, зүтгүүр бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг;

4.1.12."зорчигч" гэж төмөр замаар зорчиж байгаа зорчих тасалбар, түүнтэй адилтгах баримт бичигтэй хүнийг;

4.1.13."ачаа" гэж вагон, чингэлгээр тээвэрлэхээр зохих журмын дагуу хүлээн авсан эд зүйлсийг;

4.1.14."аюултай ачаа" гэж төмөр замын тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын явцад хүний эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөл учруулах, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл үүсгэх, улмаар тэсэрч, дэлбэрэх, шатах шинж чанартай, үхэл, хордлого, түлэгдэлт, өвчин, осол үүсгэж болзошгүй химийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйлсийг;

4.1.15."төмөр замын чиглэл" гэж төмөр замын эхлэл, төгсгөлийг тогтоосон байршлыг;

4.1.16."төмөр замын суурь бүтцийн чиг" гэж төмөр замын чиглэлийн дагуух солбилцлын цэгүүдийг;

4.1.17."төмөр замын цариг" гэж төмөр замын хос зам төмрийн дотор талын ажлын ирмэг хоорондын зайг;

4.1.18."галт тэрэгний хөдөлгөөний зурмаг" гэж галт тэрэгний явах, өнгөрөх, ирэх хугацааг заасан технологийн хуваарийг;

4.1.19."төмөр замын объект" гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон техник, тоног төхөөрөмжийг;

4.1.20."төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдах" гэж төмөр замын технологийн горим зөрчигдсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хүн, хуулийн этгээдийн өмчид хохирол учруулах осол, зөрчлийг;

4.1.21."төмөр замын өртөө" гэж галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний хөдөлгөөнийг хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын суурь бүтцийн хэсгийг;

4.1.22."төмөр замын гарам" гэж төмөр зам нь авто замтай ижил түвшинд огтлолцсон уулзварыг;

4.1.23."тусгай зориулалтын багаж, хэрэгсэл" гэж төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад ашиглах багаж, хэрэгслийг;

4.1.24."ачаан тээш" гэж хүн, хуулийн этгээдээс тээшийн вагоноор тээвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн эд зүйлсийг;

4.1.25."тээш" гэж тээшийн вагоноор тээвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн зорчигчийн эд зүйлсийг.

5 дугаар зүйл. Төмөр замын тээвэрт баримтлах зарчим

5.1.Төмөр замын тээвэрт дараах зарчмыг баримтална:

5.1.1.хөдөлгөөний нэгдсэн зохицуулалттай, тээврийн бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулсан байх;

5.1.2.үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангасан, тогтвортой байх;

5.1.3.зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлийг бий болгож, тэгш оролцоог хангасан байх.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Улсын Их Хурал төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.төмөр замын тээврийн хууль тогтоомж батлах, түүний биелэлтийг хянан шалгах;

6.1.2.төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

6.1.3.нийтийн төмөр замын чиглэл тогтоох;

6.1.4.энэ хуулийн 7.1.6-д заасан царигийн асуудлыг шийдвэрлэх.

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төмөр замын тээврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, хяналт шалгалт хийх;

7.1.2.техник, эдийн засгийн судалгаанд үндэслэн төмөр замын суурь бүтцийн чиг тогтоох;

7.1.3.төмөр замын зурвас газрын ашиглах хугацааг тогтоох;

7.1.4.Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26.1-д заасан хилийн зурваст төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;

7.1.5.үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замын чиглэл тогтоох;

7.1.6.нийтийн төмөр замын царигийн асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.

8 дугаар зүйл. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.төмөр замын тээврийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;

8.1.2.төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;

8.1.3.төмөр замын тээврийн салбар дахь төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөх болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу төрийг төлөөлөн хэрэгжүүлэх;

8.1.4.төмөр замын суурь бүтэц, салбар замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбоотой ажлыг зохион байгуулах;

8.1.5.энэ хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

8.1.6.төмөр замын осол, зөрчлийг шинжлэн шалгах;

8.1.7.улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой зарим төрлийн ачаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тээвэрлэлтийн давуу байдал олгох.

9 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

9.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга төмөр замын тээвэртэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.тухайн нутаг дэвсгэрт орших төмөр замын зурвас газар, түүний гадна байрлах төмөр замын барилга байгууламжид нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

9.1.2.галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг цэргийн албанд татахаас бусад Дайчилгааны тухай хуулийн 3.1.14-т заасан дайчилгаанд хамруулахгүй байх;

9.1.3.төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, мод, ус зэргийг ашиглуулах;

9.1.4.төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгахад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.9-д заасан үйл ажиллагааг зохион байгуулах;

9.1.5.төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар эзэмших, ашиглах эрх олгох, газар чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх.

10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

10.1.Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.

10.2.Төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.2.1.төмөр замын тээврийн хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт боловсруулах, сурталчлах;

10.2.2.төмөр замын техник, технологитой холбоотой журам, аргачлал, горим, заавар, техникийн даалгавар, жагсаалт, загвар батлах;

10.2.3.төмөр замын суурь бүтэц хооронд дамжуулах ачааны төрөл, хэмжээг тогтоох, хяналт тавих;

10.2.4.галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтэц хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах;

10.2.5.төмөр замын суурь бүтцийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвийг нэгдсэн удирдлагаар хангах;

10.2.6.суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч хооронд болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хооронд байгуулсан гэрээг шаардлагатай тохиолдолд хянаж, санал, дүгнэлт гаргаж хэрэгжилтийг хангуулах;

10.2.7.төмөр замын тээврийн тарифыг хянах, санал, дүгнэлт гаргах;

10.2.8.төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон дүрэм, журам, норм, стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийг хангуулах;

10.2.9.төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэшлийн зэрэг, хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох;

10.2.10.төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацыг нэвтрүүлэх төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

10.2.11.төмөр замын суурь бүтэц, салбар зам, барилга байгууламжийг барих, өргөтгөх ажилд хяналт тавих;

10.2.12.хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах талаар дүгнэлт гаргах, бүртгэх, дугаар, гэрчилгээ олгох;

10.2.13.төмөр замын суурь бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх;

10.2.14.төмөр замын тээврийн статистик, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагад мэдээлэх;

10.2.15.төмөр замын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж хүн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох;

10.2.16.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, гэрчилгээ олгохтой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах.

10.3.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь энэ хуулийн 10.2.8-д заасан хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан байцаагчийн эрхийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ

11 дугаар зүйл. Төмөр замын тээврийн дүрэм, журам

11.1.Төмөр замын тээврийн салбарт дараах дүрэм, журам, аргачлал, нормыг баталж мөрдүүлнэ:

11.1.1.төмөр замын техник ашиглалтын дүрэм;

11.1.2.төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм;

11.1.3.төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм;

11.1.4.галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;

11.1.5.төмөр замын барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам;

11.1.6.төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний журам;

11.1.7.төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журам;

11.1.8.төмөр замын дохиолол, холбооны журам;

11.1.9.галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын журам;

11.1.10.төмөр замын тээврийн зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам;

11.1.11.хөдлөх бүрэлдэхүүн ашиглах журам;

11.1.12.Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам;

11.1.13.галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөл, сахилгын тусгай журам;

11.1.14.төмөр замын гарам ашиглах журам;

11.1.15.төмөр замын тээвэрт тусгай зориулалтын багаж, хэрэгсэл ашиглах журам;

11.1.16.төмөр замын тээврийн мэдээлэл бүртгэх, солилцох журам;

11.1.17.төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэшлийн зэрэг болон хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох журам;

11.1.18.төмөр замын тээврийн байгууллагын ажилтны албаны хувцас хэрэглэх журам;

11.1.19.төмөр замын суурь бүтэц, салбар замын үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг ашиглах журам;

11.1.20.төмөр замын тээврийн тариф тогтоох аргачлал;

11.1.21.төмөр замын барилга байгууламжийн ажлын төсвийн суурь норм;

11.1.22.тусгай тээвэрлэлтийн журам;

11.1.23.төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам;

11.1.24.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүний зорчих тусгай галт тэрэгний аялах журам;

11.1.25.Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам;

11.1.26.төмөр замын ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх журам;

11.1.27.төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам.

11.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3-т заасан дүрэм, 11.1.4, 11.1.5, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.12, 11.1.14, 11.1.17, 11.1.25, 11.1.27-д заасан журам, 11.1.20-д заасан аргачлал, 11.1.21-д заасан нормыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 11.1.6, 11.1.10, 11.1.11, 11.1.13, 11.1.16, 11.1.18, 11.1.19-д заасан журмыг төрийн захиргааны байгууллага тус тус батална.

11.3.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 11.1.22, 11.1.23-т заасан журмыг тагнуулын байгууллагатай, энэ хуулийн 11.1.24-т заасан журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай, энэ хуулийн 11.1.26-д заасан журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тус тус хамтран батална.

11.4.Энэ хуулийн 11.1.15-д заасан журмыг төрийн захиргааны байгууллага тагнуулын байгууллагатай хамтран батална.

12 дугаар зүйл. Төмөр замын тээврийн стандарт, тохирлын үнэлгээ

12.1.Төмөр замын тээврийн стандарт, тохирлын үнэлгээтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулна.

12.2.Төмөр замын тээвэрт ашиглагдах хэмжилт, оношлогооны багаж, техник, хэрэгслийн баталгаажуулалтыг Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулна.

13 дугаар зүйл. Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сан

13.1.Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартыг боловсруулах, хэвлэж олшруулах, сурталчлах болон эдгээрийг зохион байгуулах зориулалт бүхий сан /цаашид "сан" гэх/-тай байна.

13.2.Сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

13.2.1.төмөр замын суурь бүтцийг барих, өргөтгөх, шинэчлэх, зураг төсөл боловсруулах ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлого;

13.2.2.төмөр замын техникийн баримт бичиг, норм борлуулсны орлого;

13.2.3.төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартыг боловсронгуй болгох зорилгоор өгсөн хандив.

13.3.Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.1.25-д заасан журмын дагуу зохион байгуулна.

14 дугаар зүйл. Төмөр замын тусгай зөвшөөрөл

14.1.Төмөр замын тусгай зөвшөөрөл дараах төрөлтэй байна:

14.1.1.төмөр замын суурь бүтэц барих, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ;

14.1.2.төмөр замын суурь бүтэц ашиглах;

14.1.3.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах;

14.1.4.төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх.

14.2.Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 14.3-т заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичгийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

14.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4, 5.6, 5.7-д заасан тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих нөхцөл, шаардлагыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

14.4.Энэ хуулийн 14.1.2, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗАР

15 дугаар зүйл. Төмөр замын тээврийн зориулалттай газар

15.1.Төмөр замын тээврийн зориулалттай газарт тусгай бүс, зурвас газар, хамгаалалтын бүс хамаарна.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан газрын хэмжээг стандартаар тогтооно.

15.3.Төмөр замын тээврийн зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэхтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 11.1.10-т заасан журмаар зохицуулна.

16 дугаар зүйл. Төмөр замын тусгай бүс

16.1.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий дэвсгэр газрыг төмөр замын тусгай бүс гэнэ.

16.2.Төмөр замын тусгай бүсэд энэ хуулийн 11.1.10-т заасан журамд тусгагдсанаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

17 дугаар зүйл. Төмөр замын зурвас газар

17.1.Төмөр замын дагуух технологийн үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах газрыг төмөр замын зурвас газар гэнэ.

17.2.Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна.

17.3.Төмөр замын зурвас газарт төмөр замын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

18 дугаар зүйл. Төмөр замын хамгаалалтын бүс

18.1.Төмөр замын суурь бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах зориулалт бүхий хэсэгчилсэн хамгаалалтын бүстэй байж болно.

19 дугаар зүйл. Төмөр замын цариг

19.1.Монгол Улсын төмөр замын сүлжээ, түүнд холбогдох буюу огтлолцох төмөр замын цариг ижил байна.

19.2.Хил дамнасан төмөр замын царигийн асуудлыг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн шийдвэрлэнэ.

19.3.Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд царигийн асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ, СУУРЬ БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

20 дугаар зүйл. Төмөр замын сүлжээ

20.1.Тээвэрлэлтийн төлөвлөлт, зохицуулалтын нэгдмэл системтэй, харилцан холбогдсон төмөр замын суурь бүтцүүдийг төмөр замын сүлжээ гэнэ.

20.2.Төмөр замын суурь бүтцүүдийг холбоход дараах шаардлагыг хангана:

20.2.1.галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт нэгдмэл, төвлөрсөн байх;

20.2.2.зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн бичиг баримттай байх;

20.2.3.цахим мэдээлэл солилцох нэгдмэл технологи, сүлжээтэй байх.

20.3.Төмөр замын сүлжээний төлөвлөлтөд дараах хүчин зүйлийг харгалзана:

20.3.1.улсын нийгэм, эдийн засаг болон бүс нутгийн хөгжлийн бодлого;

20.3.2.хүн амын суурьшил, хот, суурин газрын байршил, ирээдүйн хөгжлийн төлөв;

20.3.3.ашигт малтмалын орд газрын байршил, нөөц, түүнийг ашиглах боломж;

20.3.4.олон улсын болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв;

20.3.5.аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, аялал жуулчлалын газар, нөөц газар, амралт, сувиллын газрын бүс нутгийн байршил;

20.3.6.эрчим хүч, холбоожуулалтын нэгдсэн тогтолцоо, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөв;

20.3.7.газрын гадаргын хэв шинж, газар зүйн байршил, бартаажилт, инженер-геологийн нөхцөл;

20.3.8.тусгай хамгаалалтай газар нутгийн байршил, ирээдүйн төлөв.

21 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл

21.1.Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл нь төмөр замын суурь бүтцийг барих, засварлахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, геологийн дүгнэлт, ус зүйн судалгаа, геодезийн хэмжилтийн тайлан, археологи, палеонтологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, судалгаа, инженерийн тооцоо, нарийвчилсан зураг, төсөв, техникийн шаардлага зэргээс бүрдэнэ.

21.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах төмөр замын суурь бүтцийн зураг төслийг гадаадын хуулийн этгээд боловсруулах тохиолдолд Монгол Улсын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэнэ.

21.3.Төмөр замын суурь бүтцийн зураг төслийг Монгол Улсын эрх бүхий этгээдээр магадлуулсан байна.

21.4.Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, техник, технологийн хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ хуулийн 11.1.6-д заасан журмаар зохицуулна.

22 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажил

22.1.Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын дагуу барьж гүйцэтгэнэ.

22.2.Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

23 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах

23.1.Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах ажиллагааг энэ хуулийн 11.1.5-д заасан журмаар зохицуулна.

23.2.Ашиглалтад оруулах төмөр замын суурь бүтэц нь холбогдох хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.

23.3.Захиалагч нь төмөр замын суурь бүтцийг улсын комисс ажиллахаас өмнө дараах үүрэг бүхий техникийн комиссыг томилон ажиллуулна:

23.3.1.батлагдсан зураг төсөл, төсөв болон түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу баригдсан, суурилуулагдсан эсэхийг шалгах;

23.3.2.гүйцэтгэлийн зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах;

23.3.3.суурь бүтэц, түүний бүрдлийг шалгах, турших, акт, баримт, тайлан бүрдүүлж дүгнэлт гаргах.

23.4.Захиалагч нь төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

23.4.1.суурь бүтцийн барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан;

23.4.2.барилгын ил, далд ажлын акт;

23.4.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

23.4.4.захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

23.4.5.суурь бүтцийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;

23.4.6.суурь бүтцэд хийгдсэн хийц, бүтээцийн шинжтэй өөрчлөлтийн зураг төсөл, түүний зохиогчийн зөвшөөрөл, магадлалын дүгнэлт;

23.4.7.суурь бүтцийн гүйцэтгэлийн зураг;

23.4.8.техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлт;

23.4.9.суурь бүтцийн бүрдэл хэсгийн тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт;

23.4.10.техник ашиглалтын түвшин тогтоох шалгалтын дүгнэлт;

23.4.11.бусад холбогдох баримт бичиг.

23.5.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 23.4-т заасан баримт бичиг нь шаардлага хангасан тохиолдолд төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссыг томилно.

23.6.Энэ хуулийн 23.2-т заасан шаардлага хангасан төмөр замын суурь бүтцийг өртөө, зөрлөг хооронд хэсэгчлэн ашиглалтад оруулж болно.

23.7.Энэ хуулийн 23.6-д заасны дагуу төмөр замын суурь бүтцийг хэсэгчлэн ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 11.1.5-д заасан журмаар зохицуулна.

23.8.Ашиглалтад оруулаагүй төмөр замаар хүн тээвэрлэх, зорчигчийн галт тэрэг аялуулахыг хориглоно.

24 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн өмчлөл

24.1.Нийтийн төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна.

24.2.Улсын хилийн боомт чиглэсэн, хил дамнасан төмөр зам нь нийтийн төмөр замд хамаарах бөгөөд энэ төмөр замын өмчлөгч нь нэг хуулийн этгээд байна.

24.3.Төмөр замын суурь бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг түншлэлийн гэрээнд тусгах бөгөөд түншлэлийн хугацаанд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхэлж болно.

24.4.Үйлдвэрлэлийн зориулалттай төмөр зам нь өмчийн аль ч хэлбэртэй байж болно.

25 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ

25.1.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:

25.1.1.галт тэрэгний хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах;

25.1.2.хөдлөх бүрэлдэхүүнийг сэлгэх, найруулах;

25.1.3.хөдлөх бүрэлдэхүүнд зэхэлт /эрчим хүч, түлш, шатахуун, ус, хийгээр хангах/ хийх;

25.1.4.хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйлчилгээ хийх;

25.1.5.аюултай, овор ихтэй, хамгаалалттай ачаатай хөдлөх бүрэлдэхүүн, хүнд жинтэй болон урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд хяналт тавих;

25.1.6.галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцох, мэдээллээр хангах;

25.1.7.төмөр замын тээврийн ашиглалттай холбоотой дохиолол холбоо, мэдээлэл, сүлжээ, программ хангамжаар хангах.

26 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд тавих шаардлага

26.1.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд дараах шаардлагыг тавина:

26.1.1.төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн баримт бичиг, стандартын шаардлагад нийцсэн байх;

26.1.2.суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид галт тэрэг харилцан чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг тусгасан гэрээ байгуулсан байх;

26.1.3.төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь энэ хуулийн 25.1-д заасан үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан гэрээ байгуулсан байх;

26.1.4.төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвтэй байх;

26.1.5.төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөтгөл, шинэчлэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хөтөлбөрийг агуулсан дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй байх.

26.2.Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, нэгдсэн технологийн горимыг энэ хуулийн 11.1.9-д заасан журмаар зохицуулна.

26.3.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь суурь бүтцийн үйлчилгээг тэгш эрхийн зарчмыг баримтлан гэрээний үндсэн дээр нийтэд үзүүлнэ.

26.4.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах, бусдад давуу байдал олгох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах, өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглоно.

26.5.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байна.

26.6.Энэ хуулийн 26.1.2, 26.1.3-т заасан гэрээний үлгэрчилсэн загварыг энэ хуулийн 11.1.19-д заасан журмаар батална.

27 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

27.1.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрхтэй:

27.1.1.төмөр замын суурь бүтцийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх;

27.1.2.өөрийн төмөр замын суурь бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөний зурмаг батлах, хөдөлгөөний нэгдсэн зурмагт санал өгөх;

27.1.3.тээвэрлэгчийн тээвэрлэлтийн технологи, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, техникийн байдал нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахгүй, суурь бүтцийн хүчин чадлаас хэтэрсэн тохиолдолд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

27.1.4.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг баталж мөрдүүлэх;

27.1.5.өөрийн төмөр замын суурь бүтцийг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэх зорилгоор галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах, түр хаах.

27.2.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэгтэй:

27.2.1.төмөр замын тээврийн болон холбогдох бусад хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартыг дагаж мөрдөх;

27.2.2.энэ хуулийн 26.1.2, 26.1.3-т заасан гэрээ байгуулах;

27.2.3.галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагт нийцүүлэн зохион байгуулах;

27.2.4.салбар зам эзэмшигчтэй гэрээ байгуулж, сэлгээний хөдөлгөөнийг зохион байгуулах;

27.2.5.төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;

27.2.6.төмөр замын тээврийн аюулгүй байдал, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах;

27.2.7.энэ хуулийн 11.1.16-д заасан журмын дагуу шаардлагатай мэдээ, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

27.2.8.энэ хуулийн 27.1.5-д заасны дагуу галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан, түр хаасан тохиолдолд нийтэд мэдээлэх;

27.2.9.үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний үндсэн дээр суурь бүтцийн үйлчилгээг нийтэд үзүүлэх.

27.3.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжтэй байна.

28 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн хувийн хэрэг

28.1.Төмөр замын суурь бүтэц нь гүйцэтгэлийн зураг төсөл, төсөв, барилгын ил, далд ажлын акт, суурь бүтэц барих ажлын явцын баримт бичиг, чанарт холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэгтэй байна.

28.2.Төмөр замын суурь бүтэц өмчлөгч, эзэмшигч нь суурь бүтцийн хувийн хэргийг төмөр замын тээврийн статистик, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

29 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг нээх, хаах

29.1.Төмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг нээх, хаах асуудлыг энэ хуулийн 11.1.19-д заасан журмаар зохицуулна.

29.2.Олон улсын тээвэрт төмөр замын чиглэлийг нээх, хаах асуудлыг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

30 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтэц, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах

30.1.Төмөр замын суурь бүтэц, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

31 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийг бусад дэд бүтэц, байгууламжтай уялдуулах

31.1.Төмөр замын суурь бүтцийг шинээр барих, шинэчлэн сайжруулахад авто зам болон бусад төрлийн суурь бүтэцтэй ижил түвшинд огтлолцуулахгүй, ашиглаж байгаа төмөр замын суурь бүтцийн чиг, хэвгийг өөрчлөхгүй байна.

31.2.Төмөр замын суурь бүтэц нь энэ хуулийн 31.1-д зааснаас бусад дэд бүтэцтэй огтлолцох тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.

31.3.Төмөр замын тээврийн зориулалттай газарт баригдах хий, газрын тос дамжуулах хоолой, инженерийн шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж нь төмөр замын сүлжээний төлөвлөлттэй уялдсан байна.

31.4.Төмөр замын суурь бүтэцтэй ижил бус түвшинд огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө.

Тайлбар:Энэ хуулийн 31.1-д заасан "бусад төрлийн суурь бүтэц" гэж метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг ойлгоно.

32 дугаар зүйл. Салбар замын үйлчилгээ

32.1.Салбар замын үйлчилгээнд ачаа ачих, буулгах, сэлгээний хөдөлгөөн хийх, ачаа хүлээн авах, олгох, хадгалах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагаа хамаарна.

32.2.Салбар замын үйлчилгээтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 11.1.19-д заасан журмаар зохицуулна.

32.3.Салбар замыг холбох, өргөтгөх, салаалахтай холбоотой асуудлыг төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн саналыг харгалзан төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.

32.4.Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж, ачаа ачих, буулгах зам, талбай нь галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, төмөр замын тээврийн холбогдох дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын шаардлагыг хангасан байна.

32.5.Салбар зам эзэмшигч болон төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хоорондын харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

32.6.Салбар зам нь зам болон ачих, буулгах тоног төхөөрөмжийн техникийн паспорт, замын дагуу огтлолцлын гүйцэтгэлийн зураг, хиймэл төхөөрөмжийн зураг, эрх бүхий байгууллагын дүгнэлт, байнгын ашиглалтад хүлээж авсан болон ашиглалтын явцын засвар үйлчилгээний талаарх баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэг хөтөлнө.

32.7.Салбар зам эзэмшигч нь хүн, хуулийн этгээдэд салбар замын үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүй татгалзах, өөрийн салбар замаар дамжин холбогдож байгаа бусад салбар зам эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулах, давуу байдал олгохыг хориглоно.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ

33 дугаар зүйл. Төмөр замын тээвэрлэлтийн төрөл

33.1.Төмөр замын тээвэрлэлт дараах төрөлтэй байна:

33.1.1.зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэлт;

33.1.2.ачаа тээвэрлэлт;

33.1.3.тусгай тээвэрлэлт.

33.2.Төмөр замаар зорчигч тээвэрлэх харилцааг энэ хуулийн 11.1.3-т заасан, ачаа тээвэрлэх харилцааг энэ хуулийн 11.1.2-т заасан дүрмээр, тусгай тээвэрлэлт хийх харилцааг энэ хуулийн 11.1.22-т заасан журмаар зохицуулна.

34 дугаар зүйл. Тээвэрлэгчид тавих шаардлага

34.1.Тээвэрлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

34.1.1.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;

34.1.2.зүтгүүртэй байх;

34.1.3.вагонтой байх;

34.1.4.салбар замтай байх;

34.1.5.засвар, үйлчилгээний газартай байх.

34.2.Тээвэрлэгч нь энэ хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.5-д заасныг түрээсийн, эсхүл ашиглалтын гэрээгээр хэрэгжүүлж болно.

34.3.Тээвэрлэгч нь гэрээний дагуу суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн ашиглах, тээвэрлэлтийг зохион байгуулах эрхтэй.

34.4.Тээвэрлэгч нь энэ хуулийн 26.1.3-т заасан суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулах, хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон ашиглалтын аюулгүй байдлыг хангах, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохгүй байх үүрэг хүлээнэ.

34.5.Тээвэрлэгч нь төмөр замын ачаа эргэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй байна.

34.6.Тээвэрлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжтэй байна.

34.7.Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа илгээгч, хүлээн авагчийн зөвшөөрөлгүй хаяг солихыг хориглоно.

34.8.Тээвэрлэгч нь энэ хууль болон төмөр замын тээврийн дүрэм, журам, зааварт зааснаас бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.

34.9.Тээвэрлэгч нь ачаа илгээгч, ачаа хүлээн авагч хүн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн вагоныг зөвшөөрөлгүй тээвэрлэлтэд ашиглахыг хориглоно.

35 дугаар зүйл. Тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол барагдуулах

35.1.Төмөр замын тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол барагдуулах, түүнтэй холбоотой маргааныг Иргэний хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам болон гэрээгээр зохицуулна.

36 дугаар зүйл. Тээврийн акт тогтоох

36.1.Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа дутах, гэмтэх, муудах тохиолдолд ачаа илгээгч, ачаа хүлээн авагчтай хамтран бодит хохирлын хэмжээг тээврийн актаар тогтооно.

36.2.Энэ хуулийн 36.1-д зааснаас бусад тохиолдолд тээвэрлэгчийн тээврийн акт тогтоох ажиллагаанд хөндлөнгийн этгээдийг оролцуулж болно.

36.3.Тээвэрлэгчийн тээврийн актын загвар, түүнийг үйлдэх зааврыг энэ хуулийн 11.1.2, 11.1.3-т заасан дүрмээр тогтооно.

36.4.Тээвэрлэгч дараах нөхцөлд ачаа, тээш, ачаан тээшинд тээврийн акт тогтооно:

36.4.1.тээвэрлэлтийн бичиг баримтад заасан жин, байрны тоо, нэр зөрсөн;

36.4.2.ачаа, тээш, ачаан тээш гэмтсэн, муудсан, үрэгдсэн;

36.4.3.бичиг баримтгүй ачаа, тээш, ачаан тээш илэрсэн;

36.4.4.ачаа, тээш, ачаан тээшгүй тээвэрлэлтийн бичиг баримт илэрсэн;

36.4.5.хулгайлагдсан, дутсан ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэгчид буцаан өгсөн;

36.4.6.хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгээс ачаа олгох бичиг баримт үйлдсэнээс хойш 24 цагийн дотор тээвэрлэгч ачааг буулгалтын замд тавиагүй тохиолдолд ачаа хүлээн авагчийн шаардлагаар.

37 дугаар зүйл. Тусгай тээвэрлэлт

37.1.Тусгай тээвэрлэлтэд цэргийн, онцгой нөхцөл байдлын үеийн тээвэрлэлт хамаарна.

37.2.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн үед Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.

38 дугаар зүйл. Аюултай ачааны тээвэрлэлт

38.1.Төмөр замаар аюултай ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, тээвэрлэх, буулгах, шилжүүлэх, хадгалах үйл ажиллагааг энэ хуулийн 11.1.23-т заасан журмаар зохицуулна.

38.2.Аюултай ачааны ачилт, буулгалт хийх зориулалттай өртөөг сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллага тодорхойлно.

38.3.Аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагааг зориулалтын тоног төхөөрөмж бүхий зам, талбайд стандартын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

38.4.Зорчигч галт тэргэнд аюултай ачаа биедээ авч явахыг хориглоно.

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН

39 дугаар зүйл. Хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлахад тавих шаардлага

39.1.Хөдлөх бүрэлдэхүүн нь төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, норм, стандартад нийцсэн байна.

39.2.Хөдлөх бүрэлдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар, гэрчилгээ авсан байна.

39.3.Хөдлөх бүрэлдэхүүн нь технологийн болон хөдөлгөөний хяналтын системд холбогдох боломжоор хангагдсан байна.

39.4.Хөдлөх бүрэлдэхүүн нь тогтоосон хугацаанд засвар, үйлчилгээнд хамрагдсан байна.

39.5.Хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

39.6.Энэ хуулийн 39.5-д заасан эрх бүхий этгээд нь хийсэн засвар, үйлчилгээндээ чанарын баталгаа гаргана.

40 дугаар зүйл. Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг

40.1.Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүнийг гэрээний үндсэн дээр тээвэрлэгчид ашиглуулах, тээвэрлэлтийн ажлын технологи, төмөр замын суурь бүтцийн техникийн байдал нь хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд сөргөөр нөлөөлөх бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

40.2.Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хөдлөх бүрэлдэхүүнд засвар, техникийн үйлчилгээ хийх үүрэгтэй.

40.3.Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүнийг байрлуулах өөрийн эзэмшлийн болон түрээсээр ашиглах салбар замтай байна.

41 дугаар зүйл. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт

41.1.Хөдлөх бүрэлдэхүүн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 11.1.11-д заасан журмаар зохицуулна.

41.2.Хөдлөх бүрэлдэхүүний хийц бүтээцийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй өөрчлөхийг хориглоно.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

42 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах

42.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдал нь төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

42.2.Төрийн захиргааны болон төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын хэрэгжилт болон төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.

42.3.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь байгалийн гамшиг, төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, суурь бүтцийг сэргээн босгох зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, материалын нөөцийн бэлэн байдлыг хангасан байна.

42.4.Төмөр замын тээврийн байгууллага, салбар зам эзэмшигч нь хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түргэн шуурхай хэрэгжүүлнэ.

42.5.Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.

42.6.Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулна:

42.6.1.зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;

42.6.2.галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

42.6.3.ачаа, тээш, ачаан тээшийг аюулгүй, бүрэн бүтэн тээвэрлэх;

42.6.4.төмөр замын тээврийн байгууллагын ажилтны аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

42.6.5.хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажиллах.

42.7.Төмөр замын суурь бүтцийг эрчим хүчээр тасалдалгүй хангах онцгой объект гэж үзнэ.

43 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлага

43.1.Төмөр замын суурь бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгсэл нь энэ хууль болон төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байна.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан шаардлагыг хангаагүй суурь бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгслийг ашиглахыг хориглоно.

43.3.Төмөр замын зориулалтын гарам, гарцгүй газраар хүн, техник хэрэгсэл нэвтрэх, зурвас газарт мал бэлчээхийг хориглоно.

43.4.Төмөр замын гармын аюулгүй байдлыг төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон салбар зам эзэмшигч хариуцна.

43.5.Төмөр замын тээвэрт ашиглах тусгай зориулалтын багаж, хэрэгсэл нь бүртгэл, дугаар, хяналттай байх бөгөөд түүнийг ашиглах харилцааг энэ хуулийн 11.1.15-д заасан журмаар зохицуулна.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ, ДААТГАЛ

44 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тариф

44.1.Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч, салбар зам эзэмшигч нь энэ хуулийн 11.1.20-д заасан аргачлалын дагуу тариф тогтооно.

44.2.Төмөр замын тээврийн байгууллага нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн тарифт өөрчлөлт оруулахыг хориглоно.

44.3.Тээврийн тарифын өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.

44.4.Төмөр замын тээврийн байгууллага нь тээврийн тарифыг цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд албан ёсоор мэдээлэхгүйгээр мөрдөхийг хориглоно.

44.5.Төрийн захиргааны байгууллагын дэргэд төмөр замын тээврийн тарифыг оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Төмөр замын тээврийн тарифын орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллах бөгөөд Зөвлөлийн дүрмийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

44.6.Энэ хуулийн 44.5-д заасан Зөвлөлийн дарга, гишүүнийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөх ба нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

44.7.Зөвлөл нь эдийн засаг, хөгжлийн, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллөөс гадна ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

45 дугаар зүйл. Төмөр замын тээврийн даатгал

45.1.Төмөр замын тээврийн байгууллага нь дараах ажилтныг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна:

45.1.1.галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой;

45.1.2.төмөр замын аюултай бүсэд ажилладаг;

45.1.3.галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцэд хяналт, шалгалт хийдэг;

45.1.4.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг турших, оношлох ажилд оролцдог.

45.2.Энэ хуулийн 45.1-д заасан даатгалын зардлыг ажил олгогч хариуцна.

45.3.Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, төмөр замаар тээвэрлэх ачааг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу даатгалд хамруулж болно.

ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА

46 дугаар зүйл. Төмөр замын тээврийн байгууллагын ажилтны хөдөлмөрийн харилцаа

46.1.Төмөр замын тээврийн салбарын ажилтныг ажил, чиг үүргээс нь хамааруулан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд ба шууд бус холбоотой гэж ангилах бөгөөд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөлийг энэ хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэ хуулийн 11.1.13-т заасан журмаар зохицуулна.

46.2.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан ажилд анх орохдоо эмнэлгийн урьдчилсан үзлэгт, ажил гүйцэтгэх явцад хугацаат үзлэгт хамрагдах үүрэгтэй.

46.3.Төмөр замын тээврийн байгууллагын ажилтан албаны хувцас хэрэглэх бөгөөд энэ хуулийн 11.1.18-д заасан журмаар зохицуулна.

47 дугаар зүйл. Ажилтны нийгмийн баталгаа

47.1.Төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол 10-аас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах зардлыг ажил олгогч хариуцах бөгөөд буцалтгүй тусламж олгох асуудлыг тухайн төмөр замын тээврийн байгууллага хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

47.3.Төмөр замын тээврийн байгууллагын ажилтанг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд ажил олгогч дэмжлэг үзүүлж болно.

БУСАД

48 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

48.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

48.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

49 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

49.1.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.