5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."агаарын навигацийн байгууламж" гэж агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийг;
5.1.2."агаарын навигацийн үйлчилгээ" гэж агаарын зайд үйлдэж байгаа нислэгийн бүх үе шатанд үзүүлэх нислэгийн хөдөлгөөний менежмент, холбоо, навигаци, ажиглалт, нисэхийн мэдээлэл, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах цогц үйл ажиллагааг;
5.1.3."агаарын тээвэрлэгч" гэж Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг;
5.1.4."агаарын хөлөг" гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах төхөөрөмжийг;
5.1.5."аюулгүй байдлын зөвлөмж" гэж шинжлэн шалгах ажиллагааны үр дүнд, эсхүл аюулгүй байдлын талаар гаргасан судалгаа болон бусад эх үүсвэрийг үндэслэн агаарын хөлгийг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгийг;
5.1.6."аюулгүйн үзлэг" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсрэх бодис, бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс, бодисыг илрүүлэхэд чиглэсэн техникийн болон бусад арга хэрэгслээр хийх үзлэгийг;
5.1.7."аэродром" гэж агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулан тоноглосон газар, талбай, усан гадаргууг;
5.1.8."зөрчил" гэж агаарын хөлгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болох ослоос бусад эрсдэл бүхий тохиолдлыг;
5.1.9."Иргэний нисэхийн дүрэм" гэж Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц /цаашид "Конвенц" гэх/-ын хавсралтад заасан стандартын суурь түвшнийг хангах зорилгоор энэ хуульд нийцүүлэн гаргасан нисэхийн аюулгүй байдлыг зохицуулах баримт бичгийг;
5.1.10."иргэний нисэхийн үйл ажиллагаа" гэж иргэний агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбоотой цогц ажиллагааг;
5.1.11."Монгол Улсын агаарын зай" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээших агаар мандлын орон зайг;
5.1.12."нислэг" гэж агаарын хөлөг зогсоолоос хөдлөхөөс эхлэн хөөрөх, нисэх, газарт бууж, хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх үйл явцыг;
5.1.13."нислэгийн аюулгүй байдал" гэж нислэгийн үйл ажиллагаа, түүнд шууд дэмжлэг үзүүлэх бусад үйл ажиллагааг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэхийг;
5.1.14."нислэгт тэнцэх чадвар" гэж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг нислэгийн аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа байдлыг;
5.1.15."нисэх буудал" гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг;
5.1.16."нисэхийн аюулгүй байдал" гэж нислэгийн үйл ажиллагаа, түүнд хамаарах нисэхийн бусад үйл ажиллагааны эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хадгалах тогтолцоог;
5.1.17."нисэхийн аюулгүйн хамгаалалт" гэж иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах цогц үйл ажиллагааг;
5.1.18."нисэхийн гэрчилгээжсэн ажилтан" гэж Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ эзэмшигчийг;
5.1.19."осол" гэж Конвенцын 13 дугаар хавсралтад заасныг;
5.1.20."шинжлэн шалгах" гэж агаарын хөлгийг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, осол, зөрчилд нөлөөлсөн хүчин зүйл бүрийг тогтоож, дүгнэлт, аюулгүй байдлын зөвлөмж гаргах үйл ажиллагааг.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ