3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2.Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.3.Энэ хууль бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой дараах харилцааг зохицуулахад хамаарахгүй:
3.3.1.хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авах ажиллагаа;
3.3.2.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд тусгайлан заасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт цаас, валют худалдан авах, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, хадгалуулах, тээвэрлэх, гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан гадаад валют, алт худалдан авах, цэвэршүүлэх, тээвэрлэх, банкны хяналт, шалгалтын хүрээнд зөвлөх үйлчилгээ авах, үндэсний төлбөрийн системийн программ хангамж, түүний тоног төхөөрөмж, Эрдэнэсийн санг бүрдүүлэхэд хамаарах худалдан авах ажиллагаа;
3.3.3.Засгийн газар, нийслэл, төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах ажиллагаа; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.3.4.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамж болон харилцаа холбооны үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
3.3.5.Монгол Улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын хэрэгцээнд гадаад улсад худалдан авах ажиллагаа;
3.3.6.Засгийн газраас Монгол Улсыг гадаад улсад сурталчлахтай холбоотойгоор гадаад улсаас бараа худалдан авах, үйлчилгээ авах, гадаад улсаас соёлын биет өв болон түүний хуулбарыг өмчлөгчтэй тохиролцон худалдан авах ажиллагаа;
3.3.7.Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулах худалдан авах ажиллагаа.
3.4.Энэ хуулийн 3.3.1-д заасан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журмыг тагнуулын байгууллага боловсруулж, Засгийн газар батална.