36 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах
36.1.Иргэн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
36.2.Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ:
36.2.1.алах;
36.2.2.асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх;
36.2.3.эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, гэрийн тэжээвэр амьтан нь эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх;
36.2.4.зодох, тамлах, хэт ачаалуулах;
36.2.5.хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх;
36.2.6.хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх;
36.2.7.гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах;
36.2.8.гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулах;
36.2.9.нохой, муурыг байнга уях, хөдөлгөөн хязгаарласан орчинд хорих;
36.2.10.биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх, эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх;
36.2.11.гэрийн тэжээвэр амьтныг өөр төрлийн амьтантай нийлүүлэх;
36.2.12.гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах;
36.2.13.гэрийн тэжээвэр амьтанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа хэрэглүүлэх.
36.3.Энэ хуулийн 32.2-т заасан хүчирхийлэлд өртсөн гэрийн тэжээвэр амьтныг эмчлэх зардлыг гаргасан иргэн, хуулийн этгээд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс тухайн амьтныг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
36.4.Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.