3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нийгмийн эрүүл мэнд" гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

3.1.2."нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 13.2-т заасныг;

3.1.3."нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж хүний болон зоонозын халдварт өвчний дэгдэлт, шалтгаан тодорхойгүй өвчлөл, өвчлөлийн шинэ тохиолдол, хими, цацрагийн осол, хордлогод хүн ам өртсөн, эсхүл өртөх нөхцөл үүссэнийг;

3.1.4."эрүүл мэндийг дэмжих" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.19-д заасныг;

3.1.5."эрүүл мэндийг хамгаалах" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;

3.1.6."тандалт" гэж хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, мэдээлэх, холбогдох арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг;

3.1.7."эрсдэлийн үнэлгээ" гэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, өвчинд өртөх магадлалыг тооцон, өртсөн тохиолдолд гарч болох үр дагаврыг үнэлэх явцыг;

3.1.8."хариу арга хэмжээ" гэж нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн тухайн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг;

3.1.9."тохиолдлын удирдлагын тогтолцоо" гэж нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын цогц үйл ажиллагааг;

3.1.10."эрт илрүүлэг" гэж хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан эрсдэлт хүчин зүйл, өвчин эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааг;

3.1.11."эрсдэлт хүчин зүйл" гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж, сөрөг үр дагавар үүсгэгчийг;

3.1.12."эрүүл мэндийн боловсрол" гэж хүн амыг эрүүл мэндээ хамгаалах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор мэдлэг олгох, дадал хэвшүүлэх үйл ажиллагааг;

3.1.13."зоонозын халдвар" гэж мал, амьтан, шавж, мэрэгч, дамжуулагчаас хүнд халдварладаг халдварыг;

3.1.14."сайн дурын ажилтан" гэж нийгмийн сайн сайхны төлөө өөрийн цаг болон хүч хөдөлмөрөө зориулах замаар хүн амын эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж байгаа хүнийг;

3.1.15."нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн" гэж их, дээд сургууль, коллежийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төгссөн, тухайн мэргэжлээрээ энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллагад ажиллаж байгаа ажилтныг;

3.1.16."нийгмийн эрүүл мэндийн бусад мэргэжилтэн" гэж их, дээд сургууль, коллежийг энэ хуулийн 3.1.15-д зааснаас бусад чиглэлээр төгсөж, энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллагад энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бусад ажилтныг;

3.1.17."нийгмийн эрүүл мэндийн ажилтан" гэж нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон нийгмийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнийг;

3.1.18."нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан" гэж нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго бүхий мэдээллийн санг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.