4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."Үндэсний баялгийн сан" /цаашид "Баялгийн сан" гэх/ гэж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоог;
4.1.2."төрөлжсөн сан" гэж Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санг;
4.1.3."төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага" гэж төрөлжсөн сантай холбоотой Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, төрөлжсөн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах төрийн захиргааны төв байгууллагыг;
4.1.4."Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого" гэж санхүүгийн жилийн макро-эдийн засгийн орчин, мөнгөний бодлоготой уялдуулан гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгслийн үр өгөөжийн доод хэмжээ болон эрсдэлийн дээд хэмжээний жишиг үзүүлэлтийг тогтоосон хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг;
4.1.5."орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд" гэж Хуримтлалын санд орлого төвлөрүүлэх үүрэг бүхий уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдлийн толгой компанийг;
4.1.6."хуримтлалын нэрийн данс" гэж энэ хуульд заасан эх үүсвэрээс Монгол Улсын иргэн бүрд жил бүр хуваарилсан мөнгөн хөрөнгө, үлдэгдэл мөнгөн хөрөнгөнд тооцогдох хүү, энэ хуульд заасан зориулалтын дагуу гаргасан зарлагыг нэгтгэн тооцсон Монгол Улсын иргэн бүрийн бүртгэлийг.