5 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын зарчим
5.1.Хүүхэд хамгаалалд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;
5.1.2.хүүхдийн үзэл бодол, саналаа илэрхийлэх эрх, оролцоог хангах;
5.1.3.хүүхэд хамгаалал нь тогтолцоонд суурилсан, гэр бүл төвтэй, олон талт, цогц, мэргэшсэн, дагнасан, шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй байх;
5.1.4.хүүхдийг гэр бүлээс нь тусгаарласан тохиолдолд нэн тэргүүнд төрөл, садны гэр бүлийн асрамжид байлгахыг эрмэлзэх, хүүхдийг ах, эгч, дүүтэй нь хамт байлгах;
5.1.5.төр хүүхдийг хамгаалахдаа хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;
5.1.6.хүүхдийн нөхцөл байдал, ялгаатай онцлогийг хүлээн зөвшөөрөх, хүүхдийн нэр төрийг хүндэтгэх.
5.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэдтэй шууд харьцаж ажилладаг болон бусад хүнд хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхэдтэй харилцахдаа бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ