13 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрх
13.1.Улсын Их Хурлын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2.ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах;
13.1.3.энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;
13.1.4.Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах;
13.1.5.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажилтай уялдуулах;
13.1.6.Улсын Их Хурлыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх;
13.1.7.Улсын Их Хурлын гадаад харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах;
13.1.8.гишүүнийг төрийн дээд шагналд тодорхойлох;
13.1.9.гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргад дотоод, гадаад томилолт олгох, түүний журмыг баталж мөрдүүлэх;
13.1.10.Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах;
13.1.11.хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;
13.1.12.холбогдох Байнгын хорооны саналаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;
13.1.13.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
13.1.14.шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах;
13.1.15.хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох Байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх;
13.1.16.Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
13.1.17.чуулганыг түр завсарлуулах болон хаах асуудлыг энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлөөр хэлэлцүүлэн, захирамж гаргаж шийдвэрлэх;
13.1.18.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
13.1.19.Улсын Их Хурлын даргын зөвлөхийг томилох, чөлөөлөх;
13.1.20.Улсын Их Хурлын төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
13.1.21.Улсын Их Хурлын шагналын журмыг батлах;
13.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.
13.2.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 13.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.
13.3.Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ Улсын Их Хурлын даргын дэргэд ажиллана.
13.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын дарга, Улсын Их Хуралд суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийн төлөөлөл болох гишүүн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/ орно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
13.5.Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах эрхгүйгээр оролцох бөгөөд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
13.6.Зөвлөлийн хурлаар зөвшилцсөн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, хянан шалгах түр хороод, ажлын хэсэг дагаж мөрдөх үүрэгтэй. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.7.Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын дарга батална. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.8.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн 2 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./