25 дугаар зүйл. Байнгын хорооны бүрэлдэхүүн
25.1.Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.2.Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзана.
25.3.Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана.
25.4.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн өөрийн эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хорооны бүрэлдэхүүнд орохгүй.
25.5.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.6.Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.
25.7.Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.
25.8.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй.
25.9.Байнгын хорооны дарга долоо ба түүнээс дээш хоногоор түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ. Хэрэв долоогоос доош хоногоор эзгүй байх тохиолдолд Байнгын хорооны дарга албан үүргээ өөр гишүүнд түр хариуцуулна.