48 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх

48.1.Ерөнхий нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

48.1.1.Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн батлах;

48.1.2.Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах;

48.1.3.Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх;

48.1.4.нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;

48.1.5.энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлийн хуралд Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой санал оруулах;

48.1.6.Тамгын газрын тэргүүн дэд дарга, дэд дарга, ажилтныг болон гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахыг томилох, чөлөөлөх;

48.1.7.Улсын Их Хурлаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг удирдлагаар хангах;

48.1.8.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагчийн болон Улсын Их Хурлын даргын шилжүүлснээр төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэх;

48.1.9.Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах;

48.1.10.Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх;

48.1.11.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхэд шаардагдах журмыг батлах;

48.1.12.Тамгын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн тусламж, хуульд заасан бусад нэмэгдэл, урамшуулал олгох;

48.1.13.энэ хуулийн 48.1.3-т заасан чиг үүргээ Тамгын газрын тэргүүн дэд дарга болон хуулийн асуудал хариуцсан газрын даргаар төлөөлүүлэн хэрэгжүүлэх;

48.1.14.энэ хуулийн 22.3.9-д заасан зөвлөмж гаргах журам, хууль тогтоомжийн төслийн эхийг барьж ажиллах зөвлөхөд тавих тусгай шаардлагыг батлах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

48.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.

48.2.Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг Байнгын хороо дүнг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.