108 дугаар зүйл. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх журам
108.1.Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг нэр дэвшүүлж, томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан журмыг баримтлан хэлэлцэнэ.
108.2.Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигч болон холбогдох бусад этгээдээс асуулт асууж, үг хэлж болно.
108.3.Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх, огцруулах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
108.4.Хууль зүйн байнгын хороо хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.