115 дугаар зүйл. Хуулиар тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээлэл сонсох, хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

115 дугаар зүйл. Хуулиар тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээлэл сонсох, хэлэлцэх

115.1.Улсын Их Хурлаар хэлэлцэхээр хуульд тусгайлан заасан тайлан, илтгэл, мэдээллийг эрх бүхий байгууллага хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд ирүүлнэ.

115.2.Дараах тайлан, илтгэл, мэдээллийг Байнгын хороо дараах харьяаллаар хэлэлцэнэ:

115.2.1.Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайланг Төсвийн байнгын хороо жил бүр;

115.2.2.төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 33.2-т заасны дагуу төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг Төсвийн байнгын хороо тухай бүр;

115.2.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Хууль зүйн байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд;

115.2.4.Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;

115.2.5.төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн биелэлт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг Эдийн засгийн байнгын хороо шаардлагатай тохиолдолд;

115.2.6.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг жил бүр, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг 2 жил тутам Төрийн байгуулалтын байнгын хороо;

115.2.7.Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо жил бүрийн эхний улиралд;

115.2.8.жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 2 жил бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

115.2.9.банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;

115.2.10.Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланг Эдийн засгийн байнгын хороо жил бүр;

115.2.11.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр;

115.2.12.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

115.2.13.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Төсвийн байнгын хороо жил бүр;

115.2.14.төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

115.2.15.Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр жил тутам;

115.2.16.Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар тухай бүр; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

115.2.17.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг Төрийн байгуулалтын байнгын хороо жил бүр;

115.2.18.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг Төсвийн байнгын хороо жил бүр.

115.3.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15.2-т заасан мэдээллийг холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл хэлэлцэнэ.

115.4.Энэ хуулийн 115.2, 115.3-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хурлын мэдээллийн нэгдсэн санд байршуулж, энэ хуулийн 115.2-т заасан тайланд ажлын 10 өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.

115.5.Энэ хуулийн 115.2.3, 115.2.15-д заасан илтгэл, тайланг холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанд заавал танилцуулах бөгөөд бусад тайлан, илтгэл, мэдээллийг холбогдох Байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

115.6.Энэ хуулийн 115.2-т заасан Засгийн газрын тайлан, илтгэлийг Ерөнхий сайд, холбогдох байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг тухайн байгууллагын дарга Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа тайлан, илтгэл, мэдээлэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, үг хэлж болно.

115.7.Байнгын хороо энэ хуулийн 115.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

115.8.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 14.1.1-д заасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хаалттай мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан нэгдсэн хуралдаанаараа сонсоно. Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.