121 дугаар зүйл. Сонсголын бэлтгэл хангах
121.1.Энэ хуулийн 119.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 119.3, 119.4-т заасны дагуу хүсэлтийг дэмжсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор холбогдох Байнгын, дэд хороо сонсголыг товлон зарлана.
121.2.Сонсгол явуулах сэдэв, он, сар, өдөр, байр, оролцогч, ажиглагчийг бүртгэх ажиллагаа, бүртгэл эхлэх, дуусах хугацаа, саналыг хүлээн авах цахим болон шуудангийн хаяг, холбогдох бусад мэдээллийг агуулсан зарыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол давтамж, хүртээмжтэйгээр нийтэд мэдээлнэ.
121.3.Энэ хуулийн 119.1-д заасан этгээд сонсголын товыг хойшлуулах шаардлагатай гэж үзсэн бол хойшлуулах шалтгаан, хугацааг тодорхой дурдсан хүсэлтийг энэ хуулийн 121.1-д заасан Байнгын, дэд хороонд ирүүлнэ.
121.4.Байнгын, дэд хороо хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсэн бол хойшлуулах үндэслэл, шалтгаанаас хамааран хойшлуулах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байна. Энэ тохиолдолд сонсголын товыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана.
121.5.Сонсголд тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтныг оролцуулах бөгөөд албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.
121.6.Энэ хуулийн 120.3-т заасан ажлын хэсэг тухайн асуудлаар сонсгол явуулахад шинжээч шаардлагатай гэж үзсэн бол үндэслэл бүхий хүсэлтээ энэ хуулийн 121.1-д заасан Байнгын, дэд хороонд ирүүлнэ. Байнгын, дэд хороо хүсэлтийг дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.7, 9.10-т заасны дагуу шийдвэрлэнэ.
121.7.Сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч /цаашид "оролцогч" гэх/ сонсгол болохоос ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө Байнгын хороо, Хянан шалгах түр хороонд бүртгүүлнэ.
121.8.Сонсголд оролцогчийн тооны дээд хязгаарыг сонсгол болох танхимын багтаамж, тухайн асуудлын хүрээнээс хамааран сонсгол даргалагч тогтооно.
121.9.Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр өгч болно.
121.10.Төсвийн хяналтын сонсгол явуулах хугацааг товлон зарламагц тухайн асуудлаар дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад холбогдох баримт бичгийг хүргүүлэх бөгөөд төрийн аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө ирүүлнэ.
121.11.Энэ хуулийн 121.2-т заасны дагуу сонсголын товыг нийтэд мэдээлснээс хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд сонирхогч этгээдээс тухайн сонсголын асуудлын талаарх саналыг цахимаар, эсхүл шуудангаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй.
121.12.Төсвийн хяналтын сонсгол зохион байгуулахад энэ хуулийн 121.11-д заасан хугацааг өөрөөр тогтоож болно.
121.13.Энэ хуулийн 121.11, 121.12-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор сонсгол явуулна.
121.14.Сонсголын зохион байгуулалтын асуудлыг Тамгын газар хариуцна.