123 дугаар зүйл. Сонсголд оролцогч
123.1.Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ.
123.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26.1.4-т зааснаас бусад сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна.
123.3.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг сонсголд оролцуулах асуудлыг энэ хуулийн 126.5-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.
123.4.Нэг асуудлаар ижил ашиг сонирхолтой гурав ба түүнээс дээш, эсхүл хэд хэдэн этгээд хамтарч сонсголд оролцох хүсэлт гаргасан бол тэдгээрийн саналаар гурав хүртэл этгээд төлөөлөн сонсголд оролцоно.
123.5.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26.1.4-т заасан сонсголд нэр дэвшигч, түүнийг Улсын Их Хуралд танилцуулах эрх бүхий этгээд, эсхүл түүний төлөөлөгч, нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хэлэх, мэдээлэл өгөхөөр хүсэлт гаргасан болон хуульд заасны дагуу мэдээлэл өгөх иргэн, хуулийн этгээд, ажиглагч оролцоно.
123.6.Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголд хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг ажиглагчаар оролцуулж болох бөгөөд ажиглагч нь сонсгол хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавина.
123.7.Ажиглагч сонсголын үед нэр дэвшигчээс болон бусад оролцогчоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.