135 дугаар зүйл. Чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг хадгалах журам

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

135 дугаар зүйл. Чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг хадгалах журам

135.1.Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл /цаашид "хуралдааны тэмдэглэл" гэх/-ийг бичгээр болон цахим мэдээлэл тээгчид нэгэн зэрэг дуу, дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглан хадгалах ба хуралдааны тэмдэглэл дэлгэрэнгүй ба товч гэсэн хэлбэртэй байна.

135.2.Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд дараах баримт бичгийг хавсарган хадгална:

135.2.1.тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанд урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;

135.2.2.хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төсөл /хувилбарууд/, үзэл баримтлал, танилцуулга, санал, судалгаа бусад баримт бичиг;

135.2.3.хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд, ажлын хэсэг, бусад Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, нам, эвслийн бүлгээс холбогдох Байнгын хороонд бичгээр ирүүлсэн саналын томьёолол, тэдгээрийн үндэслэл, тооцоо, судалгааг тайлбарласан баримт бичиг;

135.2.4.ажлын хэсгээс Байнгын, дэд, хянан шалгах түр хороонд, Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгээс нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оруулсан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, санал хураалтын дүн;

135.2.5.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал, гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал;

135.2.6.гишүүн хуралдааны тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлэхээр бичгээр гаргасан санал;

135.2.7.гишүүдийн ирцийн мэдээ.

135.3.Хуралдааны товч тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:

135.3.1.хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

135.3.2.хэлэлцсэн хууль, тогтоолын төсөл буюу асуудал, түүнийг танилцуулсан албан тушаалтан, хуралдаанд оролцогч, урилгаар байлцсан хүмүүс;

135.3.3.санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;

135.3.4.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/, хуралдаанд ирээгүй гишүүний нэр, шалтгаан /томилолттой байсан, хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан/;

135.3.5.гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг;

135.3.6.энэ хуулийн 15.1-д заасны дагуу хуралдааны дэг сахиулахтай холбогдуулан авсан арга хэмжээ;

135.3.7.сонгогч болон бусад этгээдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулсан тухай;

135.3.8.дуу болон дүрсний бичлэгт тусгагдах боломжгүй, хуралдааны явцад болсон үйл явдлыг дэс дарааллын дагуу нэг бүрчлэн товч тэмдэглэлд буулгах.

135.4.Гишүүний хэлсэн үгийг хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгах бөгөөд тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үгийг тухайн гишүүнээр хянуулж гарын үсэг зуруулна.

135.5.Гишүүн хуралдааны тэмдэглэлтэй аливаа хязгаарлалтгүйгээр танилцах эрхтэй бөгөөд төрийн нууцад хамрагдсан хуралдааны тэмдэглэлтэй танилцсан бол нууцыг задруулахгүй байх арга хэмжээг авна.

135.6.Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн болон нэгдсэн хуралдааны анхны, эцсийн хэлэлцүүлгийн дүнг тусгасан хууль, тогтоолын төслийг гарсан шийдвэрийн хамт дарааллаар нь байршуулан дугаарлаж, хуралдааны товч тэмдэглэлд хавсаргана.

135.7.Нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлтэй Ерөнхий нарийн бичгийн дарга, Байнгын болон дэд, хянан шалгах түр хорооны хуралдааны товч тэмдэглэлтэй холбогдох Байнгын болон дэд, хянан шалгах түр хорооны дарга, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй түүний ахлагч тус тус танилцаж гарын үсэг зурна.

135.8.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг энэ хуульд заасан журмаар эмхэлж архивын нэг нэгж болгон товьёглож, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хадгална.

135.9.Хууль тогтоомж, бүлгийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг энэ хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд түүнийг хадгалах, ашиглах, архивын нэгж болгох, архивт шилжүүлэх журмыг бүлэг өөрөө тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.