691 дугаар зүйл. Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг /Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.1.Ерөнхий сайд төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.2.Төсвийн төсөлтэй холбогдуулан төрийн аудитын дээд байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.3.Төсвийн төслийн танилцуулгад төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдал, гарсан үр дүнг төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцуулна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.4.Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
691.5.Гишүүд энэ хуулийн 691.1-д заасан танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 691.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 691.4-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./