84 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам
84.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэх/ дүгнэлт гаргасан бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
84.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:
84.2.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах;
84.2.2.энэ хуулийн 84.2.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулах;
84.2.3.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 84.2.2-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол баталсанд тооцох бөгөөд уг тогтоолд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн заалтыг тус тусад нь заах;
84.2.4.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал дэмжигдээгүй бол холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзэх;
84.2.5.хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол энэ тухай тогтоолыг Цэцэд хүргүүлэх.
84.3.Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.
84.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол Цэцийн шийдвэрт хүчингүй болгох хугацааг тусгайлан заасан тохиолдолд тус хугацаанд, хугацаа тусгаагүй бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцно.
84.5.Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
84.6.Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно.
84.7.Онц болон дайны байдал зарласан, цэрэг хөдөлгөх тухай, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн, эсхүл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хойшлуулшгүй хэлэлцэнэ.