87 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх журам
87.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал хууль, тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
87.2.Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо Цэцийн тогтоолтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
87.3.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл Байнгын хороо хууль, тогтоолд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна. Тухайн төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
87.4.Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмаар хэлэлцэж батална.