93 дугаар зүйл. Улсын Их Хурал тарах асуудлыг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

93 дугаар зүйл. Улсын Их Хурал тарах асуудлыг хэлэлцэх

93.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь, эсхүл мөнхүү шалтгаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж, Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

93.2.Энэ хуулийн 93.1-д заасан саналыг ээлжит чуулганы үеэр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол ажлын 3 өдрийн дотор Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж хэлэлцэнэ.

93.3.Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

93.4.Нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдаанд энэ хуулийн 93.1-д заасан саналыг гаргасан аль нэг гишүүн, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа 10 минутад багтаан танилцуулна.

93.5.Нам, эвслийн бүлэг энэ асуудлаар санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд 5 минутад багтаан танилцуулна.

93.6.Гишүүн өргөн мэдүүлсэн санал болон нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

93.7.Асуулт асуух, түүнд хариулах, үг хэлэх хугацаа тус бүр 5 минутаас илүүгүй байна.

93.8.Гишүүд үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн саналаар ил санал хураалт явуулна.

93.9.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн саналыг дэмжсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоол баталсанд тооцно.

93.10.Энэ хуулийн 93.1-д заасан саналыг ээлжит чуулганы чөлөө цагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын дарга тухайн саналыг өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дотор ээлжит бус чуулганыг товлон зарлаж энэ хуульд заасны дагуу хэлэлцүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.