95 дугаар зүйл. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

95 дугаар зүйл. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх

95.1.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл /цаашид "нийтийн өргөдөл" гэх/-ийг Улсын Их Хурлаас тусгайлан ажиллуулсан санал хүлээн авах цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулна.

95.2.Цахим системд байршуулсан нийтийн өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн дэмжсэн санал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.5-д заасан тоонд хүрсэн тохиолдолд Улсын Их Хурал авч хэлэлцэнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

95.3.Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна.

95.4.Холбогдох Байнгын хороо саналыг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 7 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ.

95.5.Байнгын хороо тухайн саналыг хэлэлцэж эхэлснээс хойш 3 сарын дотор дараах байдлаар шийдвэрлэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна:

95.5.1.холбогдох бодлогын баримт бичиг, хууль, тогтоолын төсөл боловсруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх;

95.5.2.хууль, тогтоолын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх;

95.5.3.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах;

95.5.4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.11-д заасан асуудлаар санал гаргах;

95.5.5.олон нийтийн хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах.

95.6.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 95.1-д заасан асуудлаар санал гаргасан иргэдийн төлөөлөл болон холбогдох салбарын мэргэжилтнийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд байлцуулж болно.

95.7.Гишүүн нийтийн өргөдөлд хамаарах асуудлаар холбогдох хуулийн төсөл санаачилж болох ба Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хүрээ, хязгаарыг баримтална.

95.8.Энэ хуулийн 95.5-д заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох ажиллагааг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн 112.1-д заасан Улсын Их Хурлын асуулгын дараа нэг цагийн хугацаанд багтаан зохион байгуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

95.9.Энэ хуулийн 95.8-д заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсаны дараа гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.