57 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
57.1.Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь Улсын Их Хурлын хяналт шалгалтыг тасалдуулсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.25-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай хууль, эсхүл Зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ.
57.2.Холбогдох албан тушаалтан энэ хуульд заасан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түр хороонд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.3.Гэрч түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.4.Гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.5.Түр хорооноос томилсон шинжээч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргаж өгөөгүй, эсхүл дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.6.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.7.Гэрч, шинжээч, сонсголд оролцогч, ажиглагч, бусад хүн сонсголын дэг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
57.8.Түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.9.Холбогдох албан тушаалтан энэ хуульд заасан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, эсхүл холбогдох тайлбар, мэдээлэл өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
57.10.Байнгын, дэд, түр хороо энэ хуульд заасныг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага оногдуулах саналаа томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор авсан арга хэмжээний талаар хариу ирүүлнэ.
57.11.Хүн, хуулийн этгээд энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Байнгын, дэд, түр хороо эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, холбогдох мэдээллийг хүргүүлнэ.