17 дугаар зүйл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зохион байгуулалтын хэлбэр
17.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг зохион байгуулалтын хувьд дараах хэлбэрээр хөгжүүлнэ:
17.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, парк, цогцолбор, инкубатор байгуулахад дэмжлэг үзүүлэх;
17.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бүс тогтоох, дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
17.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, экосистем, бүтээлч орон зайг бий болгох.
17.2.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк, цогцолбор байгуулах саналыг техник, эдийн засгийн үндэслэлийн хамт Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
17.3.Энэ хуулийн 17.2-т заасан төрөөс санхүүжүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк, цогцолборыг дараах зорилгоор байгуулна:
17.3.1.үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
17.3.2.импортыг орлох соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэлийг дэмжих;
17.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын чадавх, технологийн түвшнийг нэмэгдүүлэх судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих;
17.3.4.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид инкубатораар дамжуулан бизнес, технологийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх.
17.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхэд дараах тохиолдолд бодлого, татвар, санхүүгийн цогц дэмжлэгийг үзүүлнэ:
17.4.1.орон нутгийн онцлогоос хамаарч соёлын өв, эдийн засаг, дэд бүтцэд нь тохирсон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер;
17.4.2.олон улсын зах зээлд өрсөлдөх үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртгийн сүлжээ бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер.
17.5.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластерын төлөвлөлт, эсхүл техник, эдийн засгийн үндэслэлийг үндэслэн дараах дэмжлэгийг үзүүлнэ:
17.5.1.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
17.5.2.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллахад нь бизнесийн болон технологийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх;
17.5.3.хүний нөөц бүрдүүлэх, мэргэшүүлэхэд дэмжих;
17.5.4.хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх;
17.5.5.олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах;
17.5.6.бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг бүрдүүлэх.
17.6.Энэ хуулийн 17.5-д заасан дэмжлэгийг хүссэн этгээд нь техник, эдийн засгийн үндэслэлээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
17.7.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инкубаторыг их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн санаачилгаар байгуулахад төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
17.7.1.санхүүгийн дэмжлэг;
17.7.2.үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай дэд бүтцийн хангамж;
17.7.3.хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт;
17.7.4.төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх.
17.8.Энэ хуулийн 17.3, 17.4, 17.5, 17.6, 17.7-д заасан асуудлаар төсөл сонгон шалгаруулалт зарлах болон төслийн саналыг дүгнэсний үндсэн дээр санхүүжүүлэх, нэгдсэн бодлогоор хангах арга хэмжээг Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
17.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн онцлог, дэд бүтэц, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн төвлөрлийг харгалзан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой байршил, орон зайг тогтоон, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан төлөвлөлтийг хийж, дэмжлэг үзүүлнэ.