9 дугаар зүйл. Хүний нөөцийн хөгжлийн дэмжлэг

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хүний нөөцийн хөгжлийн дэмжлэг

9.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангасан тогтолцоог мэргэшлийн үндэсний хүрээнд тулгуурлан хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төлөвлөгөөг соёлын, боловсрол, шинжлэх ухааны, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.

9.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

9.3.Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, ажил олгогчдын хамтын ажиллагаанд тулгуурлана.

9.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн эрэлттэй мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхэд гарсан зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгоно.

9.5.Энэ хуулийн 9.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.

9.6.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

9.6.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын тэтгэлэг, зээл олгох ажлыг зохион байгуулах;

9.6.2.Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт, Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсад тэтгэлгээр сургах хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд энэ хуулийн 7.3-т заасан чиглэлийн мэргэжлийг хамруулах арга хэмжээг боловсролын хууль тогтоомжид нийцүүлэн авах;

9.6.3.бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт иргэний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны өмчийн боловсрол олгох агуулгыг тусгах;

9.6.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ, инновацын чадавхыг бэхжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажилд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

9.7.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

9.7.1.мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

9.7.2.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг туршлага солилцох, гадаад улсад дадлагажих, гадаад ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

9.7.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг олон улсын аргачлалаар боловсруулах, холбогдох хуульд заасны дагуу батлуулах.

9.8.Энэ хуулийн 9.6.1, 9.6.4-т заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр, энэ хуулийн 9.7.1, 9.7.2-т заасан дэмжлэгийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.