ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ТУХАЙ

Гадаад харилцаа, батлан хамгаалах · 16 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох хууль тогтоомж

2.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Энхийг дэмжих ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, хоёр талын болон олон улсын гэрээнд нийцсэн байна.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."энхийг дэмжих ажиллагаа" гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын доор явагдаж байгаа олон үндэстний нэгдсэн ажиллагааг;

3.1.2."бие бүрэлдэхүүн" гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж, томилогдсон цэргийн болон цагдаагийн алба хаагчдыг;

3.1.3."цэргийн болон цагдаагийн баг" гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон бүтэц, орон тооны дагуу бие бүрэлдэхүүн болон зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд хэрэгслээр хангагдсан, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нэгжийг;

3.1.4."энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэл" гэж олон улсын холбогдох байгууллага, аливаа улсын санаачилгаар зохион байгуулж байгаа тухайн энхийг дэмжих ажиллагаанд гүйцэтгэх үүргийн онцлог, тавигдах шаардлагыг хангахад чиглэсэн мэдлэг, дадлага, ур чадвар олгох, жигдрэлтийг хангах арга хэмжээний нэгдлийг.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

4 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч

4.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн нь цэргийн болон цагдаагийн алба хаагч, баг байна.

4.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүн нь сайн дурын үндсэн дээр сонгогдож, тухайн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлд бүрэн хамрагдсан байна.

4.3.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, цагдаагийн алба хаагчийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилно.

4.4.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон цэргийн болон цагдаагийн алба хаагчийг албан ажлын шаардлагыг харгалзан өөртэй нь тохиролцож, саналыг бичгээр авсны дагуу энхийг дэмжих ажиллагаанаас ирэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтан үндсэн албан тушаалаас нь өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно.

4.5.Цэргийн болон цагдаагийн алба хаагч Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зарласан энгийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, үүрэг гүйцэтгэх тохиолдолд албанаас чөлөөлнө.

5 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд гүйцэтгэх үүрэг

5.1.Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд дараах төрлийн үүрэг гүйцэтгүүлэхээр Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч, багийг оролцуулна:

5.1.1.энгийн иргэнийг хамгаалах;

5.1.2.гал зогсоох гэрээний биелэлтэд хяналт тавих;

5.1.3.мөргөлдөгч талуудыг тусгаарлах, зэвсэг хураах;

5.1.4.зэвсэгт мөргөлдөөний хор уршгийг арилгах;

5.1.5.инженерийн болон бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх;

5.1.6.дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.7.эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх;

5.1.8.аюулгүй байдлыг хангах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах;

5.1.9.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн мандатаар тогтоосон бусад үүрэг.

5.2.Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд дараах төрлийн үүрэг гүйцэтгүүлэхээр цагдаагийн алба хаагч, багийг оролцуулна:

5.2.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын бие бүрэлдэхүүн болон эд хөрөнгийг хамгаалах;

5.2.2.энгийн иргэнийг хамгаалах;

5.2.3.Нэгдсэн Үндэстний Байгууллагын цагдаагийн албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

5.2.4.нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;

5.2.5.үүрэг гүйцэтгэх улсын цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, алба хаагчдыг сургаж бэлтгэх;

5.2.6.хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх;

5.2.7.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн мандатаар тогтоосон бусад үүрэг.

5.3.Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэргийн болон цагдаагийн алба хаагч, баг дараах нийтлэг үүргийг хүлээнэ:

5.3.1.Монгол Улсын хууль тогтоомж, Цэргийн нийтлэг дүрмүүд, Цагдаагийн албаны дүрэм, эрх бүхий байгууллага, цэргийн болон цагдаагийн багийн захирагчийн тушаалаар тогтоосон журам, зааврыг дагаж мөрдөх;

5.3.2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулагчийн, өөрийн орны цэргийн болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд баримтлах;

5.3.3.тухайн ажиллагаанд заасан үүргийн хүрээнд ахлах даргын тушаал, шийдвэрийг биелүүлэх, захирах, захирагдах ёсыг баримтлах;

5.3.4.өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх;

5.3.5.үүрэг гүйцэтгэх улсын хууль тогтоомжийг мөрдөх, зан заншил, шашин шүтлэгт нь хүндэтгэлтэй хандах;

5.3.6.цагийн байдлын өөрчлөлт, үүрэг гүйцэтгэх үеийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрхийн хязгаарлалтыг дагаж мөрдөх.

5.4.Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн болон цагдаагийн алба хаагч, багийг илгээснээр цэргийн алба хаагч, баг нь энхийг дэмжих ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн, цагдаагийн алба хаагч, баг нь Цагдаагийн комиссарын ажиллагааны удирдлагад шилжинэ.

5.5.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн болон цагдаагийн алба хаагч, баг Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, журам, олон улсын гэрээг зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн гэмт хэрэгт холбогдон хугацаанаас нь өмнө эгүүлэн татах тохиолдолд холбогдох зардлыг тухайн алба хаагч хариуцна.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Монгол Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн үндсийг тогтоох;

6.1.2.энэ хуулийн 7.1.3-т заасан зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах.

7 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

7.1.Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн цэргийн болон цагдаагийн багийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, эгүүлэн татах шийдвэр гаргах;

7.1.2.энхийг дэмжих ажиллагаанд оролцох асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн холбогдох байгууллага, бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах;

7.1.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын чадавхыг бүрдүүлэх, шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.4.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийг өөрийн оронд зохион байгуулах, гадаад улсад энэ төрлийн арга хэмжээнд бие бүрэлдэхүүнийг оролцуулах шийдвэр гаргах;

7.1.5.Монгол Улсаас хилийн чанадад энхийг дэмжих ажиллагаа, сургалт, бэлтгэлд оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүн болон өөрийн оронд зохион байгуулах энэ төрлийн сургалт, бэлтгэлд оролцох гадаад орны бие бүрэлдэхүүн, тэдгээрийн зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд хэрэгсэлд хил, гаалийн шалгалт хийх, навигацийн болон бусад үйлчилгээний журмыг тогтоох;

7.1.6.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олгосон нөхөн төлбөрөөс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардал, Зэвсэгт хүчний болон Цагдаагийн хөгжлийн санд төвлөрүүлэх хувь хэмжээг тогтоох;

7.1.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэх журмыг тогтоох.

8 дугаар зүйл. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

8.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.энхийг дэмжих ажиллагаатай холбоотой асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүнтэй хамтран судалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

8.1.2.энхийг дэмжих ажиллагаатай холбоотой асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, холбогдох улс, бүс нутгийн байгууллагатай харилцаж, зохицуулах;

8.1.3.гадаад улсад энхийг дэмжих ажиллагаа, сургалт, бэлтгэлд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрхийг хамгаалах;

8.1.4.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон олон улсын гэрээгээр тогтоосон дүрэм, журам зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан, нас барсан, шархадсан, ар гэрийн, эсхүл эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд эх оронд нь эгүүлэн татах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

9 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

9.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.зэвсэгт хүчний цэргийн багийг энхийг дэмжих ажиллагаа, сургалт, бэлтгэлд оролцуулах асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүнтэй хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

9.1.2.цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын сонгож санал болгосноор энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг томилох, хугацааг сунгах, эгүүлэн татах, ажиллагааны үүрэг гүйцэтгэлтийг дуусгавар болгох шийдвэр гаргах;

9.1.3.энэ хуулийн 8.1.4-т заасан шалтгаанаар цэргийн алба хаагч, багийг эгүүлэн татах ажлыг зохион байгуулах;

9.1.4.цэргийн алба хаагч, багийн энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангуулах асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх;

9.1.5.Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт мэдээлэх;

9.1.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийг энэ хуулийн 7.1.6-д заасан хувь хэмжээг баримтлан захиран зарцуулах;

9.1.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журмыг батлах;

9.1.8.энэ хуулийн 8.1.4-т заасан шалтгаанаар цэргийн алба хаагчийг эгүүлэн татах үед дараагийн алба хаагчаар нөхөн хангах эсэх асуудлыг шийдвэрлэх;

9.1.9.энэ хуулийн 7.1.6-д заасан хувь хэмжээний талаарх санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;

9.1.10.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд томилолтын зардал олгох журмыг батлах;

9.1.11.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах журмыг батлах.

10 дугаар зүйл. Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

10.1.Хууль зүй, дотоод хэргийн асуудалэрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.цагдаагийн багийг энхийг дэмжих ажиллагаа, сургалт, бэлтгэлд оролцуулах асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүнтэй хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

10.1.2.цагдаагийн төв байгууллагаас сонгож санал болгосон энхийг дэмжих ажиллагаа, сургалт, бэлтгэлд оролцох цагдаагийн алба хаагч, багийг томилох, хугацааг сунгах, эгүүлэн татах, ажиллагааны үүрэг гүйцэтгэлтийг дуусгавар болгох шийдвэр гаргах;

10.1.3.энэ хуулийн 8.1.4-т заасан шалтгаанаар цагдаагийн алба хаагч, багийг эгүүлэн татах ажлыг зохион байгуулах;

10.1.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийг энэ хуулийн 7.1.6-д заасан хувь хэмжээг баримтлан захиран зарцуулах;

10.1.5.цагдаагийн алба хаагч, багийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангуулах асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх;

10.1.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагч, багийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журмыг батлах;

10.1.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах журмыг батлах.

11 дугаар зүйл. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх

11.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах;

11.1.2.энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагч, багийг мэргэжлийн удирдлагаар хангаж, үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих;

11.1.3.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчтай гэрээ байгуулах, дүгнэх, түүний биелэлтэд хяналт тавих;

11.1.4.энхийг дэмжих ажиллагаанд шинээр оролцуулах цэргийн багийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлэх, бэлтгэлийг хангах, илгээх асуудлыг холбогдох байгууллагад уламжлах;

11.1.5.тухайн газар орны хариуцлагын бүс дэх нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан цэргийн алба хаагч, багийн аюулгүй байдалд ноцтой аюул, заналхийлэл учирсан тохиолдолд тухайн ажиллагааны дээд штабтай харилцан ажиллаж, эрх бүхий албан тушаалтан, байгууллагыг мэдээллээр хангах, санал танилцуулах;

11.1.6.цэргийн алба хаагч, багийн үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны цагийн байдлын талаар хагас жил тутам, шаардлагатай үед Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тухай бүр мэдээлэх;

11.1.7.цэргийн алба хаагч, багийн үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах саналыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах;

11.1.8.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах ажлыг зохион байгуулах;

11.1.9.энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамжийг судлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох.

12 дугаар зүйл. Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх

12.1.Цагдаагийн төв байгууллагын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагч, багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах;

12.1.2.цагдаагийн алба хаагч, багийг мэргэжлийн удирдлагаар хангаж, үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих;

12.1.3.энхийг дэмжих ажиллагаанд шинээр оролцуулах цагдаагийн багийг бэлтгэх үед Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлэх, бэлтгэлийг хангах, илгээх асуудлыг холбогдох байгууллагад уламжлах;

12.1.4.цагдаагийн алба хаагч, багийн үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны цагийн байдлын талаар хагас жил тутам, шаардлагатай үед тухай бүр хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдээлэх;

12.1.5.цагдаагийн алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд нэр дэвшүүлэх, үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах, эгүүлэн татах саналыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж, шийдвэрлүүлэх;

12.1.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах ажлыг зохион байгуулах.

13 дугаар зүйл. Цэргийн болон цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг

13.1.Цэргийн болон цагдаагийн багийн захирагч тактикийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

13.2.Цэргийн болон цагдаагийн багийн захирагч нь тухайн багт нэгдмэл удирдлага, нэгтгэн захирах ёсыг хэрэгжүүлэгч, нийт бие бүрэлдэхүүний шууд захирах дарга бөгөөд дараах нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

13.2.1.сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг удирдан явуулах;

13.2.2.цэргийн болон цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, бие бялдар, ёс зүй, сахилга бат, нас, ажилласан жил, цол, ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн үр дүнг үндэслэн албан тушаалд томилох, чөлөөлөх санал гаргах;

13.2.3.Монгол Улсын хууль тогтоомж, Цэргийн нийтлэг дүрмүүд, Цагдаагийн албаны дүрэм, Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх зүйн баримт бичигт нийцүүлэн холбогдох тушаал, шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах;

13.2.4.цэргийн болон цагдаагийн багийн хэмжээнд цэргийн алба, цагдаагийн үйл ажиллагаа, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

13.2.5.бие бүрэлдэхүүний ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, сахилга хариуцлага, мэдлэг, ур чадвар, ажлын туршлагыг харгалзан алба хаагчийг холбогдох албан тушаалд сэлгэн ажиллуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд гаргах;

13.2.6.бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг удирдан зохион байгуулах;

13.2.7.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байдал, үр дүнг үнэлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бусад байгууллагын шагнал, Монгол Улсын төрийн одон, медаль, салбарын шагналаар алба хаагчийг шагнуулах саналыг холбогдох байгууллагад уламжлах;

13.2.8.энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлага, сургамжийн талаар санал, зөвлөмж боловсруулж, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын, эсхүл цагдаагийн төв байгууллагын удирдлагад танилцуулах.

БУСАД ЗҮЙЛ

14 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн байдал

14.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүний эрх зүйн байдал нь уг ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр болон Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн байгууллага, тухайн ажиллагаа явагдаж байгаа улстай байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.

14.2.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүн тухайн ажиллагааг удирдахаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн байгууллага, аливаа улсын шийдвэрээр томилогдсон олон үндэстний цэргийн хүчний командлагч, цагдаагийн комиссарын удирдлагад захирагдах бөгөөд энэ нь бие бүрэлдэхүүн энхийг дэмжих тухайн ажиллагааны бүсэд байх хугацаанд хамаарна.

14.3.Бие бүрэлдэхүүн нь цэргийн болон цагдаагийн дүрэмт хувцас, цолны болон ялгах тэмдэгтэй байх бөгөөд тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрээр тусгай таних тэмдэг хэрэглэж болно.

14.4.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд цэргийн болон цагдаагийн алба хаагчийн албан тушаалыг хэвээр хадгалж, өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цалин хөлсийг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно.

14.5.Бие бүрэлдэхүүнээс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

14.6.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох комиссын дүгнэлтийг харгалзан нөхөн олговор олгуулах эсэх асуудлыг судлан шийдвэрлүүлэхэд цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, эсхүл цагдаагийн төв байгууллагаас дэмжлэг үзүүлнэ.

14.7.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн болон цагдаагийн алба хаагч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тохиолдолд холбогдох хуульд заасан мөнгөн урамшуулал олгоно.

14.8.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулсан байх бөгөөд даатгалтай холбогдон гарах зардлыг тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллага, хоёр талын, эсхүл олон талт олон улсын гэрээнд тусгаагүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

14.9.Цэргийн болон цагдаагийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал

15.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал нь сургалт, бэлтгэл, хангалт, сонгон шалгаруулалт, оролцох үеийн зардлаас бүрдэх бөгөөд уг зардлыг жил бүрийн улсын төсвийн батлан хамгаалахын болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний арга хэмжээний зардалд тусгасан байна.

15.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хөлс, хангамж, эдийн засгийн бусад баталгааг төр хариуцна.

16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.