17 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл олгох
17.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.12-т заасан тусгай зөвшөөрөл, 8.2 дугаар зүйлийн 11.4-т заасан энгийн зөвшөөрлийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус олгоно.
17.2.Үйлдвэрлэх зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
17.2.1.үйлдвэрийн барилга, байгууламж, түүний зохион байгуулалт, хүний нөөцтэй холбогдох зохистой дадлын стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан талаарх мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, нотлох баримт;
17.2.2.үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай баримт бичиг.
17.3.Импортлох зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
17.3.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
17.3.2.гадаад улсын ханган нийлүүлэгч байгууллагатай байгуулсан худалдааны гэрээ, итгэмжлэл, эсхүл албан ёсны төлөөлөл болохыг нотлох баримт;
17.3.3.үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчийн олон улсын чанар, стандартын шаардлага хангасныг нотлох гэрчилгээ.
17.4.Энгийн зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
17.4.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
17.4.2.үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ;
17.4.3.бүтээгдэхүүн нь олон улсын чанар, стандартын шаардлага хангасныг нотлох гэрчилгээ;
17.4.4.бүтээгдэхүүний хүчинтэй байх хугацааны дөрөвний гурав нь дуусаагүй болохыг нотлох баримт;
17.4.5.бүтээгдэхүүний нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, сав, баглаа боодол, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтын талаарх мэдээлэл;
17.4.6.ачаа, тээврийн баримтын гаальд бүртгэгдсэн эх хувь, сав, баглаа боодлын дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэлийн хуулбар, үйлдвэрлэгчээс олгосон гэрчилгээ.
17.5.Энгийн зөвшөөрөл нь олгосноос хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
17.6.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмыг баримтлан зөвшөөрөл олгох асуудлыг хугацаанд нь шийдвэрлэнэ.
17.7.Тусгай болон энгийн зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
17.8.Эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, оношлуур хангамжийн талаар бүх шатны Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.8.1.мал, амьтны өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх;
17.8.2.эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зохистой хэрэглээний талаар соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах.
Тайлбар: "эмийн зохистой хэрэглээ" гэж мал, амьтны эмийг өвчний оношид нийцүүлэн зааврын дагуу зохих тун, зориулалт, тогтоосон давтамжаар хэрэглэхийг ойлгоно.
МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ