13 дугаар зүйл. Малчны хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадамжийг сайжруулах
13.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд зориулан сум бүрд Малчны хөгжлийн сан байгуулна.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
13.2.1.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс олгож байгаа мөнгөн урамшууллаас малчны зөвшөөрлийг үндэслэн хуваарилсан хөрөнгө;
13.2.2.уул уурхайн салбарын орлогоос баялаг бүтээх салбарт хуваарилах хөрөнгөөс ногдох хувийн эх үүсвэр;
13.2.3.малчны малын тоо толгойн албан татварын орлогын төвлөрүүлэлтээс хуваарилах хөрөнгө;
13.2.4.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан этгээдийн хувь нийлүүлэх хөрөнгө;
13.2.5.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах үндэсний үйлдвэрийн хувь нийлүүлэх хөрөнгө;
13.2.6.олон улсын байгууллагын санхүүгийн буцалтгүй зээл, дэмжлэгийн эх үүсвэр;
13.2.7.хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн дэмжлэгийн эх үүсвэр.
13.3.Энэ хуулийн 13.1-д заасан сангийн хөрөнгийн 30 хувийг бэлчээрийн мал ахуйд гамшиг, эрсдэлийн үед ашиглахаар хуримтлуулна.
13.4.Санд төвлөрүүлсэн хөрөнгийг жил бүр доор дурдсанаар хуваарилж, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна:
13.4.1.тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 30 хувь;
13.4.2.ногоон, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд 30 хувь;
13.4.3.малчдыг хөгжүүлэх, чадавхжуулахад 10 хувь.
13.5.Энэ хуулийн 13.4.1, 13.4.2-т заасан зориулалтаар зарцуулах хөрөнгө нь бага хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэртэй байна.
13.6.Малчны хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалтын жишиг дүрэм, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
13.7.Малчин өрхийг тогтмол орлого, хуримтлалтай болгох зорилгоор малчин, хоршоо, нөхөрлөл, компани, малчдын холбоо үндэсний үйлдвэрүүдтэй 3 жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой гэрээ байгуулж, стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлийн дээд ханшаар бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлнэ.
13.8.Энэ хуулийн 13.7-д заасан тогтолцоог төр, хувийн хэвшил, малчны өөрөө удирдах байгууллагын хамтын гэрээ, үйл ажиллагаагаар хөгжүүлнэ.
БУСАД ЗҮЙЛ