3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."биеийн хүч хэрэглэх" гэж төрийн тусгай хамгаалалтын алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг;
3.1.2."далд хамгаалалт" гэж төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслийг далдалж, нийтэд мэдэгдэхгүйгээр зохиож байгаа төрийн тусгай хамгаалалтын хэлбэрийг;
3.1.3."төрийн тусгай хамгаалалтын бүс" гэж хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангаж төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон тодорхой орчин, нутаг дэвсгэрийг;
3.1.4."хамгаалуулагч" гэж энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад авсан албан тушаалтан, иргэнийг;
3.1.5."хамгаалуулагчийн аюулгүй байдал" гэж төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэний амь бие аливаа аюул, халдлагаас хамгаалагдсан байдлыг;
3.1.6."хамгаалалтын техникийн үзлэг" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авахад зориулсан техник, тоног төхөөрөмжийг илрүүлэхэд чиглэсэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тусгай техник хэрэгсэл ашиглан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг;
3.1.7."хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдал" гэж энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйл аливаа аюул, халдлагаас хамгаалагдсан байдлыг;
3.1.8."шадар хамгаалалт" гэж хамгаалуулагчийн аюулгүй байдлыг биечлэн дагаж хамгаалахыг.