6 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн, хамгаалалтад байх хугацаа

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн, хамгаалалтад байх хугацаа

6.1.Дараах албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтад байна:

6.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга /цаашид "Улсын Их Хурлын дарга" гэх/, Монгол Улсын Ерөнхий сайд /цаашид "Ерөнхий сайд" гэх/;

6.1.2.Улсын Их Хурлын даргын болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч;

6.1.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч;

6.1.4.Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч;

6.1.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан иргэн;

6.1.6.Монгол Улсад айлчилж байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа гадаад улсын төр, засгийн газрын тэргүүн, парламентын дарга, түүнийг дагалдан яваа эхнэр /нөхөр/;

6.1.7.Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, гадаад улсын төрийн тэргүүний угсаа залгамжлагч.

6.2.Хамгаалуулагч дараах хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна:

6.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд;

6.2.2.Улсын Их Хурлын даргын болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаанд;

6.2.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж, үнэмлэх олгосноос эхлэн сонгуулийн албан ёсны дүнг нийтэд мэдээлэх хүртэл хугацаанд;

6.2.4.Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч нэр дэвшсэн өдрөөс албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд;

6.2.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан иргэн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн гурван жил, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан иргэн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн хоёр жилийн хугацаанд;

6.2.6.энэ хуулийн 6.1.6-д заасан зочин айлчлах болон дамжин өнгөрөх хугацаанд;

6.2.7.энэ хуулийн 6.1.7-д заасан зочин айлчлах хугацаанд болон хүсэлт гаргавал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хугацаанд.

6.3.Энэ хуулийн 6.1.1-д заасан хамгаалуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан түүний эхнэр /нөхөр/, 18 насанд хүрээгүй хүүхдийн амь биед гаднын аюул учирч болзошгүй тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл тэднийг төрийн тусгай хамгаалалтад авч болно.

6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан нэр дэвшигчийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, энэ хуулийн 6.1.4-т заасан нэр дэвшигчийн мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газар, энэ хуулийн 6.1.6, 6.1.7-д заасан хамгаалуулагчийн мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус төрийн тусгай хамгаалалтын байгууллагад хүргүүлнэ.

6.5.Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал үүссэн үед энэ хуульд зааснаас бусад албан тушаалтан, эсхүл төр, нийгмийн зүтгэлтнийг төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.