11 дугаар зүйл. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
11.1.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
11.1.2.аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг захиргаа, бусад холбогдох байгууллагын саналыг авч биеийн тамир, спортын хөгжлийн богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.3.хүн амыг эрүүл аж төрөх зан үйлд хэвшүүлэх, сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол, амьдралын зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;
11.1.4.хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үзүүлэлт, үр дүнг тооцох аргачлал боловсруулах;
11.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
11.1.6.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиглэлийг сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсролыг тэгш олгох чадамжтай төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;
11.1.7.биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах;
11.1.8.улсын төсвөөс санхүүжүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;
11.1.9.улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг батлах, тэмцээнийг удирдах, зохион байгуулах, арга зүйгээр хангах, хяналт тавих;
11.1.10.улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах журмын дагуу спортын холбоог сонгон шалгаруулах, эрх олгох, олон улсын дүрэм, стандарт, норматив, шаардлагыг хангах, хяналт тавих;
11.1.11.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах спортын холбоонд энэ хуулийн 9.1.2-т заасан журмын дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
11.1.12.биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, шүүгчийг мэргэшлийн чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэх, гаргасан шийдвэрийг биелүүлэх;
11.1.13.биеийн тамирын дасгалжуулагч, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;
11.1.14.биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх, хөтлөх, хэвийн үйл ажиллагааг хангах, системийн өргөтгөл, шинэчлэлийг тогтмол хийх;
11.1.15.Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
11.1.16.сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын биеийн тамир, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулахад санал өгөх;
11.1.17.биеийн тамир, спортын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
11.1.18.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг биелүүлэх, Ёс зүйн дэд хороо байгуулах;
11.1.19.улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагатай хамтран ажиллах;
11.1.20.хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг паралимп, дифлимп, тусгай олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэх;
11.1.21.улсын хэмжээнд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгч иргэдийн тоо гаргах, нэмэгдүүлэх, хяналт тавих;
11.1.22.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.2.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засаг даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлнө.
11.3.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биеийн тамир, спортын боловсрол олгох сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн болон мэргэжил дээшлүүлэх, спортын анагаах ухааны салбар байгууллагатай байж болно.