22 дугаар зүйл. Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
22.1.Спортын холбоо, клуб нь энэ хуулийн 4.1.12-т заасан магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ.
22.2.Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон байгууллага гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг тайлагнана.
22.3.Хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлж болно.
22.4.Спортын холбоо, клубийг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлт, үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх хэмжээг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.5.Магадлан итгэмжлэх журам, шалгуурт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах, тэдний хичээллэх хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх үзүүлэлтийг тусгана.