25 дугаар зүйл. Спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт
25.1.Улсын хэмжээний спортын наадмыг Олон улсын олимпын хорооны ивээл доор явуулах бол олон улс, тив, дэлхийн спортын наадмын мөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.
25.2.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үндэсний хэмжээний спортын наадмыг зохион байгуулах хороог байгуулан ерөнхий удирдлагаар хангана.
25.3.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараагийн жил зохион байгуулагдах улсын хэмжээний спортын тэмцээний талаар спортын холбооны саналыг харгалзан нэгдсэн хуваарийг тухайн жилийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлана.
25.4.Энэ хуулийн 25.3-т заасан хуваарьт тусгагдаагүй спортын тэмцээнийг зохион байгуулагч тухайн сум, дүүрэг, хорооны биеийн тамирын арга зүйч, Биеийн тамир, спортын газарт ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
25.5.Энэ хуулийн 25.3, 25.4-т заасан спортын тэмцээнийг зохион байгуулахаа урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд түүнийг зохион байгуулахыг хориглоно.
25.6.Спортын тэмцээн болон бэлтгэлийн явцад багш, дасгалжуулагч, зохион байгуулагч, спортын холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, гэнэтийн ослын даатгалд хамруулах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
25.7.Зохион байгуулагч, спортын холбоо тэмцээн болон бэлтгэлийн явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд даруй хамруулна.