4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."биеийн тамир" гэж дасгал сургуулилт, идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан иргэний бие бялдрыг хөгжүүлэх, материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;

4.1.2."биеийн тамирын арга зүйч" гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн удирдлага, дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэжилтнийг;

4.1.3."биеийн тамир, спортын ажилтан" гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургууль төгссөн этгээдийг;

4.1.4."биеийн тамир, спортын байгууллага" гэж өмчийн бүх хэлбэрийн биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж, идэвхтэй хөдөлгөөн, спортын амжилтын төлөө энэ чиглэлийн ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

4.1.5."гарын үсэг зурагч тал" гэж Дэлхийн допингийн эсрэг агентлагийн өмнө үүрэг хүлээсэн Монголын үндэсний олимпын хороо, Паралимпын хороо болон допингийн эсрэг үндэсний байгууллагыг;

4.1.6."дасгалжуулагч" гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, спортын амжилтыг ахиулах зорилго бүхий сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжилтнийг;

4.1.7."допинг" гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;

4.1.8."Дэлхийн допингийн эсрэг агентлаг" гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг;

4.1.9."Допингийн эсрэг үндэсний зөвлөл" гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах зөвлөлийг;

4.1.10."Допингийн эсрэг үндэсний байгууллага" гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагыг;

4.1.11."идэвхтэй хөдөлгөөн" гэж эрүүл мэнд, бие бялдрыг дэмжихэд чиглэсэн хүний булчингийн үйл ажиллагааг 30 минутын хугацаанд идэвхтэй ажиллуулах дасгал хөдөлгөөнийг;

4.1.12."магадлан итгэмжлэл" гэж спортын клубийн үйл ажиллагаа, сургалт, дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагааг;

4.1.13."Монголын үндэсний олимпын хороо" гэж олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх, Олон улсын олимпын хорооноос явуулж байгаа тив, дэлхийн наадам, арга хэмжээнд Монголын баг тамирчдыг удирдан, зохион байгуулж оролцуулах зорилго бүхий Олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн төрийн бус байгууллагыг;

4.1.14."мэргэжлийн тамирчин" гэж спортын тодорхой нэг төрлөөр дагнан хичээллэж, мэргэшсэн, гэрээний дагуу ашгийн төлөө тэмцээнд оролцон цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;

4.1.15."оюутны спорт" гэж мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч оюутны бие бялдрын хөгжлийг дэмжих биеийн тамир, спортын албан ёсны арга хэмжээ, тэмцээн, наадам, бэлтгэл сургуулилтын үйл ажиллагааг;

4.1.16."сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол" гэж албан, албан бус боловсролын хэлбэрээр иргэний сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэхэд шаардлагатай идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх мэдлэг, арга барил, дадал, эерэг хандлагыг эзэмшүүлэх үйл ажиллагааг;

4.1.17."спорт" гэж биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, тэмцээн, наадамд тусгай журмын дагуу бэлтгэж оролцох үйл ажиллагааг;

4.1.18."спортын барилга байгууламж" гэж иргэн, тамирчин биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;

4.1.19."спортын клуб" гэж иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг эрхлэн, сургалт, дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагын дэргэдэх спортын дагнасан нэгжийг;

4.1.20."спортын наадам" гэж нэгдсэн зохион байгуулалтын хэлбэрээр явуулж байгаа спортын тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээний нэгдлийг;

4.1.21."спортын сайн дурын ажилтан" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн нь гэрээний үндсэн дээр биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад өөрийн санаачилгаар оролцож байгаа хүнийг;

4.1.22."спортын стандарт" гэж тухайн спортын үйл ажиллагаа, бэлтгэлд тавигдах орчны болон техникийн шаардлагыг ханган, спортын сургалт явуулдаг байгууллагад заавал дагаж мөрдөн биелүүлэх, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан бичиг баримтыг;

4.1.23."спортын сургалт, дасгалжуулалт" гэж спортоор хичээллэж байгаа хүмүүсийн биеийн тамир, спортын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн, тодорхой зорилго, стандарт, хөтөлбөрийн дагуу явагдах, төлөвлөлт бүхий спортын тэмцээн, наадамд оролцох үе шатыг багтаасан бэлтгэлийн үйл явцыг;

4.1.24."спортын тэмцээн" гэж тухайн спортын төрлөөр тамирчид, багуудын хооронд зохион байгуулагч нарын тогтоосон дүрэм, зааврын дагуу өрсөлдөх, шилдэг оролцогчийг тодруулах үйл явцыг;

4.1.25."спортын холбоо" гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг;

4.1.26."спортын төрөл" гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам, тодорхой хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын орчин бүхий олон нийтийн харилцаа үүсгэдэг спортын нэг хэсгийг;

4.1.27."спортын шүүгч" гэж тэмцээн, наадмыг дэнслэх үйл ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн, холбогдох цол зэрэгтэй, спортын дүрэм журам, зааврын хэрэгжилтийг сахин хангуулах мэргэжилтнийг;

4.1.28."тамирчин" гэж спортоор тогтмол хичээллэж, тусгай сургалтын явцад бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог хүнийг;

4.1.29."үндэсний спорт" гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдааныг;

4.1.30."хүүхдийн спорт" гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хүүхэд, суралцагчид сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааг;

4.1.31."Ёс зүйн зөвлөл" гэж төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон спортын холбоо, клубийн дэргэд ажиллах орон тооны бус бүтцийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.